Учиг шингээх ажил Дорнодод үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-06 12:30:18

“Монголын нууц товчоо”-г эсгий эдлэл дээр ширмэл оёдлоор оёх ажил Дорнод аймагт үргэлжилж байна. “Хан Хэнтийн гар урчууд” Төрийн бус байгууллагын санаачилсан энэ ажилд анх 64 хүн гар бие оролцож, энэ бүтээлийг 21 аймгаар “аялуулаахаар” төлөвлөжээ. Дорнод аймгийн тухайд 20 дахь аймаг нь юм.

“Монголын нууц товчоо”-г 108 метр урт, 1,8 метрийн өргөнтэйгээр эсгий ширмэл оёдлоор зурж оёх энэ ажлыг өнгөрсөн жилийн 12 дугаар сард эхэлж, нэг бүлгийн санааг 5 метрт багтаахаар болсон. Монголын үндэсний түүхийг шингээсэн эсгий эдлэлийн энэ бүтээлийг Гиннесийн номын соёлын биет бус өвд бүртгүүлэхээр ийн бэлтгэж байгаа юм.

Хэнтий аймгийн Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Д.Нэргүй “Монголын нууц товчоог 100 метр даавуун дээр оёх энэ ажил Монголын түүхэнд нэгэн шинэ хуудас болон үлдэх юм. Энэ ажилд Дорнод аймгийн урчууд идэвхийлэн оролцож байна. Учиг шингээх ёслол энэ сарын 9 нд болох юм” гэж ярилаа.

                                                                                                                                          Б.Туяа

 

Холбоотой мэдээ