Галт зэвсгээ тоолуулаагүй иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙИргэдийн гар дээрх галт зэвсгийг бүртгэлжүүлэх,тоолох ажиллагаа явагдаж, Өвөрхангай аймагт 2016 оны 11-12 сард галт зэвсэг тоолж бүртгэх ажил 76,5 хувьтай хэрэгжсэн байна.
Нийт 2025 байх ёстйогоос 474 галт зэвсэг тоологдоогүй нь иргэд өөрийн нэр дээрх галт зэвсгээ хаясан, бусдад шилжүүлсэн, өөрөө нас барсан, оршин суух хаягаа өөрчилж шилжсэнтэй холбоотой гэнэ. Эдгээр иргэдийг эрэн сурвалжилж, галт зэвсгийг нь илрүүлэх ажиллагаа энэ онд үргэлжилж байна. “2016 онд болон өмнөх онуудад буугаа тоолуулж амжаагүй бол үүргийнхээ дагуу Цагдаагийн газарт хандаж нөхөн тоолуулах хэрэгтэй. Хэрэв тооллогод хамрагдахгүй байж байгаад илрэх юм бол эзэмшигч нар хуулийн хариуцлага хүлээнэ. 2017 онд гар дээрээ байгаа галт зэвсгээ зарах, бэлэглэх, өвлүүлэх бол заавал цагдаагийн байгууллаад мэдэгдэж зөвшөөрөл авна. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ бууг биет байдлаар гэрчилгээний хамт авчирна” гэдгийг Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Мөнхболд хэллээ.
Галт зэвсэг нь ан агнах, спорт сургалт, үзмэр цуглуулга, урлагийн тоглолтын зориулалттай байдгаас Өвөрхангай аймгийн иргэд ихэвчлэн ан агнах зориулалтын бууг ашигладаг аж. 2017 онд галт зэвсгийн татвар нэмэгдэж, үзмэр цуглуулга, спорт сургалтын зориулалттай галт зэвсэг 15000, ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг 30000, 6,5 дээш бол 60000, үрлэн сумтай буу 30000 төгрөгийн татвартай болжээ. Үүнээс шалтгаалж, мөн галт зэвсэг нь ашиглалтын хугацаа дууссан, эвдэрсэн зэрэг асуудлаас болж иргэд 189 галт зэвсгийг устгуулахаар хүлээлгэн өгсөн байна.
Галт зэвсэг ашиглан хууль бусаар ан агнах, амь насаа егүүтгэх, бусдын амь насыг хохироох зэрэг гэмт хэрэг 2015 онд 3, 2016 онд 2 гарчээ.
Аймгийн Цагдаагийн газраас иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг 2 удаа зохион байгуулж, 40 иргэн хамрагдаж гэрчилгээ авсан байна.
Б.Батчимэг