Өмнөговийн ард иргэд удахгүй жимс жимсгэнээ гаднаас авахаа болино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 12:59:07

2006 оноос эхлэн говь нутагт жимс жимсгэнийг амжилттай тарьж ургуулсаар яваа ахмад аграномич А.Оюунтуяагийн жимс жимсгэний талбайгаас сурвалжиллаа. Тэрээр говийн нөхцөлд жимс жимсгэнэ тариалахад нарийн усалгаа бордоо хамгийн чухал талаар зөвлөж байна.

Өмнөговь аймгийн төвөөс холгүй орших Хаяа голын тохойд 6,2 га жимс жимсгэний бут үржүүлгийн талбай бий. Энд 14 төрлийн жимс, хамгаалалтын 6 төрлийн мод, мөн 6 төрлийн гоёлын мод нийт 3000 шахам мод ургадаг. Энэ бол тус аймгийн Ерөнхий аграномич, ахмад тариаланч А.Оюунтуяагийн 24 жилийн хөдөлмөр зүтгэлийн үр шимээр буй болсон ногоон бүс юм. Анх 0,1 га талбайтай, 4 мод ургасны 3 нь үхэжсэн мод байлаа хэмээн ахмад тариаланч эргэн дурслаа.

Тэрээр 1992 оноос эхлэн тасралтгүйгээр хөдөлмөрлөж, 2000 оноос талбайн хамгаалалтын модуудыг тарьж эхэлжээ. Улмаар талбайгаа хүний нүдэнд өртөхүйц сайхан болгож, аймгийн аграномич хүн байна даа, гадна дотроос хүн ирэхэд үзүүлэх туршилттай, тэр дундаа амжилт гаргасан зүйлстэй байя гэж эргэж буцалтгүй шийдсэн байна. Тэрээр цаашид олон том зорилгыг өмнөө тавьсан гэлээ. Тухайлбал, энэ жил Өмнөговь аймаг Солонгосын Дамьяан аймагтаа гэрээ байгуулсаны дүнд тус аймагт “Гүзээлзгэнэ” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Ингээд 2000 гүзээлзгэний суулгацаа энэ өвөл амжилттай өвөлжүүлж чадвал ирэх жил 4000 болгож үржүүлэх болно гэсэн юм. Ахмад тариаланчийн талбайд өнөөдөр бөөрөлзгөнө, өргөстэй өргөсгүй чацаргана, үхрийн нүд, 2 төрлийн интоор, өрөл /жижиг алим/, далайн хайлс, тэхийн шээг, нохойн хошуу, монос, алим, гүйлс зэрэг жимс ургаж байгаагаас зөвхөн улаан чавга говийн хөрсөнд жимсээ өгдөггүй болохыг тогтоосон байна. Ингээд тэр яваандаа эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн - жимс жимсгэнээр нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээний зохих хувийг хангах эрхэм зорилготой яваагаа хэлж байна.

Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

 

Холбоотой мэдээ