ХДХВ/ДОХ-ын асуудлаар талууд хамтран ажиллахыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр “Централ тауэр”-т НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалт болов.
Энэхүү уулзалтад ирэх гурван жилд уг зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх олон талт оролцооны байгууллагууд уулзалдав. Уулзалтыг Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээ, “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-тай хамтран зохион байгуулж ЭМЯ, Залуус эрүүл мэнд төв ТББ, Глобал сан, ХӨСҮТ, Нээлттэй нийгэм форум ТББ зэрэг төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ирсэн байв.
Гал голомт үндэсний зөвлөлийн тэргүүн, Хүний хөгжил, НҮЭМ/Эрх ТББ-уудын сүлжээний зөвлөх Д.Мөнхөө тус уулзалтын чиглүүлэгчээр ажиллаж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат зөвлөлдөх уулзалтыг даргалсан юм.
Уг уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан танилцуулсан бол ХДХВ/ДОХ-ын асуудлаар авч хэрэгжүүлж буй өнөөгийн арга хэмжээ, салбар дундын зохицуулалт чухал болох нь илтгэлийг Залуус эрүүл мэнд төв ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж тавьж сонсголоо.
Харин НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд ЭМЯ-наас авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийн талаар ЭМЯ-ны ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргал танилцуулж, дараа нь уулзалтанд оролцогчид санал бодлоо солилцон, уг зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах нь цөөн хүн амтай манай улсын хувьд хамгийн чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.
Өнөөдөр Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 226 хүн албан ёсны бүртгэлтэй байгаагаас 79 хувь нь буюу 180 нь эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд юм. Энэ хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг төрөлхийн гэдгийг нь ойлгохгүй ялгаварлан гадуурхах нь ХДХВ/ДОХ-ын халдварыг нийгэмд улам газар авахуулах сөрөг үр дагавартай гэдгийг тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байгаа ТББ-уудаас анхааруулаад цөөнх болох энэ эрсдэлт бүлгийнхний хүний эрхийг хүндлэн үзэхийн зэрэгцээ хяналтанд байлгах, тэдэнд мэдлэг, мэдээлэл түгээх нь хамгийн боломжит эрсдэлгүй алхам гэдгийг онцолж байв.
Энэ уулзалтаар Монгол Улс ХДХВ-ын халдварыг эрт үед нь илрүүлэх, тууштай эмчлэх, халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд ирж буй гурван жилийн зорилтоо болгон ажиллахаа оролцогч талууд санал нэгдсэн юм.
Д.Өлзий