Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Хөвсгөл аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-14 20:34:27

Ардчилсан намын даргын сонгууль явагдахтай холбогдуулан намын даргад нэр дэвшигчид амралтын бямба гарагт Хөвсгөл аймагт ажиллаж намын гишүүдтэйгээ уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулан гишүүдийнхээ сонирхсон асуултанд хариулт өглөө.

Энэ үеэр нэр дэвшигчдийг Хөвсгөл аймгийн  ардчилсан намын ахмад гишүүд мөнгө аягатай сүү, алд цэнхэр хадгаа барин угтаж Ариг уснаа мэндэлсэн Алунгоо эхийн эв эеийн бэлэгдэл болсон багцалсан 5 сум шиг эвтэй байхыг хүсч байлаа.

Нэр дэвшигч С. Эрдэнэ “Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдэг эрх мэдэл албан тушаалын өрөслдөөн биш юм. Энэ бол хариуцлага, их ажлын, их шинэчлэлийн төлөөх өрөслдөөн” гэж онцолсон бол нэр дэвшигч Н.Алтанхуяг “Хөвсгөлчүүд бид хамтдаа олон ялалтыг байгуулж, их бүтээн байгуулалтыг хамтдаа өрнүүлж чадсан. Тухайлбал нийслэлтэй бид хатуу хучилттай замаар холбогдсон гээд олон сайхан зүйлийг дурсахад таатай байна. Би эв эеийг эрхэмлэж ялалтын буухиагаа үргэлжлүүлнэ” гэдгийг хэлж байв.

 Нэр дэвшигч Ж.Батзандан”Ардчилсан намын шинэчлэх цаг болсон. Шударга үнэний эрэлд, эрүүл Ардчилалын төлөө нэр дэвшиж байна” гэж онцолж байв. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Ардчилсан Монгол төрийн үнэлэмжийг өсгөх эв нэгдэлтэй хүчирхэг ардчилсан намыг төлөвшүүлэхийн төлөө журмын нөхөдтэйгээ хамтран зүтгэнэ” гэдгийг хэлсэн бол нэр дэвшигч Л.Гантөмөр “Ардчилсан намын доторх эврэлцэл, үл ойлголцолыг хараад сууж тэвчишгүй боллоо. Өөрөө өөрийгөө ялах нь чухал гэж үг байдаг. Ардчилсан намын гишүүд бид бүгд өөрсдийгөө ялж эв эеийг олж байж манай нам хөгжинө цаашид улс орноо хөгжүүлнэ” гэдгийг хэлж байв.

Уулзалтын төгсгөлд нэр дэвшигчдад ардчилсан намын залуусын төлөөлөл зоригтой тууштай тэмцэгч байхыг билэгдэн Хотгойдын баатар Чингүнжавын эрхийн хурууны хэлбэр бүхий дурсгалын зүйлийг гардуулж сонгуулийн ажилд нь амжилт хүсч байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ