Өнгөрсөн 11 дүгээр сард сүүлийн 20 жил ажиглагдаагүй хүйтэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-16 15:32:19

2016 онд жилийн дундаж агаарын температур, хур тунадасын хувьд  олон жилийн дунджийн орчим байлаа хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал өнгөрөгч 11 дүгээр сарын эхний 10 хоногт нутгийн хойд хэсгийг хамарч, их хэмжээний цас орсны улмаас Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 10-40 см, шуурч хунгарласан газартаа 50-60 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос  зудын нөхцөл үүсэхэд хүргэжээ.

Мөн 11 дүгээр сарын 18-22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Онон голын сав дагуух нутгаар шөнөдөө -42-44 хэм хүрч, хүйтэрсэн нь сүүлийн 20 гаруй жил 11 дүгээр сард ажиглагдаагүй хүйтэн болов. 

Цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд өнгөрсөн онд нийт 69 удаагийн цаг агаарын аюултай үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга 15, хүйтэн бороо 1, цочир хүйтрэл 6, уруйн үер 12, хүчтэй мөндөр 2, аянга цахилгаан 12 удаа  болсныг албаныхан онцлов.

Тухайлбал  2016 оны долдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар хүчтэй түр зуурын аадар бороо орсон бөгөөд наймдугаар сарын 7-нд  Увсын аймгийн Улаангом сумын нутгаар түр зуурын хүчтэй аадар бороо орж, 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ