Дархан-Уул аймаг, ӨМӨЗО-ны У Хай хоттой хамтын ажиллагаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-19 01:11:16

Монгол Улсын Дархан-Уул аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хот хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах зорилгоор тус аймгийн удирдлагууд энэ сарын 13-16-ний өдрүүдэд ӨМӨЗО-д ажлын айлчлал хийгээд иржээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, “Халнит” ХХК-ийн захирал Н.Амарбат, “Цайхун” дунд сургуулийн захирал Д.Бямбабаатар, “Шинэ орчин трейд” ХХК-ийн захирал О.Батпүрэв нар оржээ.

Төлөөлөгчид энэ сарын 13-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Ши Хун, тус хотын намын дарга Ши Ваньжүнь нартай Хөх хотод уулзалт хийж харилцан санал солилцсон. Мөн сарын 14-нд У Хай хотын Орчин үеийн уран бичлэгийн музейтэй танилцжээ. Тус музей нь Хятад улсдаа нэгдүгээрт ордог 76 м2 талбайтай, 38 танхимтай, олон улсын стандартад нийцсэн 6000 гаруй бүтээлийг байрлуулсанаас уран бичлэгийн зөвлөлдөх зөвлөлийн зэрэглэлд багтсан 140 бүтээл байдаг ажээ. 1979 онд У Хай хотод Монгол үндэстний сургууль байгуулагдаж, тус сургуульд 500 гаруй сурагч сулч байгаагаас 200 гаруй нь Монгол хүүхэд юм. 1997 оноос эхлэн Монгол хэл сурах сонирхолтой иргэдэд үнэ төлбөргүйгээр Монгол хэлийг зааж эхэлсэн гэнэ. Тус сургуультай Дархан-Уул аймгийн удирдлагууд танилцаж цаашид хамтран ажиллаж багш солилцоог явуулахаар болжээ.

Мөн сарын 16-нд У Хай хотын дэд дарга Лин Тао, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нар найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичгийн гол зорилго нь хоёр хотын хооронд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх явдал ажээ. Түүнчлэн энэ оны зургадугаар сард У Хай хотын удирдлагуудыг Бизнес эрхлэгчдийнх нь хамт Дархан хотод урьсан байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ