“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-19 01:16:25

Дархан-Уул аймагт “Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал” сэдэвт  хэлэлцүүлэг болов.

Монгол Улсын Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн сарын 28-нд УИХ-д өргөн барьсан. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын “Хүн амын сан”, БСШУСЯ, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсноор залуучуудыг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг нь үр дүнтэй шийдвэрлэж зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгмийн шаардлагад нийцсэн боловсон хүчин болгон бэлтгэж хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж ажилгүйдлийн төвшинг бууруулахад чухал ач холбогдолтой болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр тус аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат: “Хууль төрөхийн өмнө манай аймагт залуучуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж байна. Бид аймагтаа 2014 онд “Залуучуудын хөгжлийн төв”-ийн барилгыг эхлүүлсэн. Мөн дутуу баригдаж царцаагдсан “Спорт цогцолбор”-ыг дуусгаж “Залуусын хөгжлийн төв”-ийн барилга байгууламжийг төслийн шугамаар барьж дуусгах зорилт тавин ажиллаж байна. Цаашлаад оюунлаг, авьяаслаг залуучуудыг дэмжих зорилгоор олон хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, ИТХ-аас хэрэгжүүлнэ. Дархан үйлдвэрлэлийн хот. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед ажилгүйдэл ихсэх хандлага бий. Иймээс томоохон үйлдвэрүүдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах талаар Засгийн Газартай гэрээ байгуулсан. Тухайлбал, хүнсний ногоог үйлдвэрийн аргаар бэлтгэх бол арьс ширний үйлдвэр барьж байгуулна. Эдгээр үйлдвэр үйлчилгээг ажил хэрэг болгоход мэдээж боловсролтой залуус хэрэгтэй. Бид нэн түрүүнд хүний нөөцөө бэлтгэх шаардлага тулгарч байна” гэв.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн дарга Н.Батдорж: “Манай улсын хүн амын 35.5 хувийг залуучууд эзэлдэг. Залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон улс орны хөгжлийн томоохон зорилтууд өөр хоорондоо нягт уялдаагүйгээс эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд оролцох тэдний  оролцоо хязгаарлагдмал байна гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллага, залуучууд гаргадаг нь бодитой юм. Тиймээс залуучуудын хариуцлагыг дээшлүүлж эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн салбарт оролцох оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

Харин “Залуучуудын амьдралын эрүүл бус хэв маяг, хорт зуршлын зохисгүй хэрэглээ, чанартай эрүүл хүнс хэрэглэх боломж дутмаг, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь эрүүл, үр бүтээлтэй амьдрах нөхцөлийг нь хязгаарлаж байгаа”-г Эрүүл Мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Өнөржаргал тодотгосон бол хэлэлцүүлгийг зохион байгуулагчид оролцогчидтой санал солилцож сонирхсон асуултад хариуллаа.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ