“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” аяныг орон даяар явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2017-01-20 15:15:17

“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” уриатай аяныг аймаг, нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас ирэх сарын 28-ныг хүртэл хугацаанд зохион байгуулахаар боллоо.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан өнгөрсөн оны тоо баримтаар 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас баржээ. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн ба дийлэнх хувь нь биеийн олон хэсгийн 3 дугаар зэргийн түлэгдэлттэй аж. 

Бага насны хүүхдийн түлэгдлийн талбай бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээр хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай болдог тул уг гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Иймд бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд энэ аяныг зохион байгуулахаар болжээ.

Б.Гаваа

Холбоотой мэдээ