Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-23 11:19:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь захирал, хатагтай Шаннон Коулиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгохоос эхлэн эмнэлгийн үйлчилгээ, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд Засгийн газартай хамтран олон хөтөлбөр төслийг амжилттай хэрэгжүүлсэн хөгжлийн том түнш болохыг онцлов.


Хатагтай Шаннон Коулин энэ үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулж байгаа хөрөнгө оруулалтын болон хэрэгжиж эхэлж байгаа техникийн туслалцааны зарим шинэ төсөл хөтөлбөрүүдийн тухай сайд Ж.Чинбүрэнд танилцууллаа.


Сайд Ж.Чинбүрэн салбарт өнөөдөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц байдал, удааширч байгаа, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар сонсож, санал солилцов. Тэрбээр хэрэгжиж байгаа төслүүдийн талаар яамны холбогдох албаны хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд сонсож, танилцсаны дараа ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийн талаар ярилцах санал тавив.

 

Холбоотой мэдээ