Орхоны малчид жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙХүчит техник, дайчин харчуулынхаа ачаар Цэцэрлэг хотоос үүр цүүрээр гарч, гол мөрөн, уул нуруу, цас мөсийг даван туулж зургаан цагийн дараа Солбидогийн нурууны бэлээс эргэн харахад бидний замд тааралдсан Өлийн өндөр даваа, Ямбилиг, Манхан, Байшинт, Хангай ханы уул нурууд тээр доор харагдана.
Үгээр хэлж үл барам, сэтгэл тэнийж, хийморь сэргэнэм. Бид Цэцэрлэг хотоос замдаа Урд тамир, Цэцэрлэг, Цэнхэрийн гол, Орхон голын эх цутган болох Булант, Өлт, Өлзийтээл, Гүүт, Хөрвөөлөг, Хошигтыг дайран өнгөрсөн.
Засаг даргаар бас 8 жил ажиллаад 2016 оны сумын ИТХ-ын сонгуулиар дахин Засаг даргаар сонгогдсон Батсуурийн Батжаргалын яриа сонирхол татлаа.
Тэрээр "Орхоныхан их сонин хүмүүс. Би анх энд ирээд, малчдыг хадлан өвс бэлтгэж, хашаа саравч барихыг шаардсан. Тэр үед, хөдөлмөрийн баатар Сэнгийн Жамъян гуай амьд сэрүүн малаа маллаж байсан үел дээ. Баатар маань надад хандаж Батжаргал дарга би Орхоны мал малчдын өвөлжилт, хаваржилтыг даая. Та бүхэн бусад багтаа л анхаарч ажилла гэж учирлан зөөлөн зөвлөсөн. Тэр жилийн намраас хойш эл асуудлаар аймаг, сумын ямар ч удирдлагууд ярихаа больсон юм. Орхоныхан баатрын үгнээс гарахгүй. Одоо ч гэрээслэлийг нь биелүүлж явна. Жилийн дөрвөн улирал малчид нь отор нүүдэл хийдэг. Намар, өвөл нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, төрийн тахилгат уул-Суварга хайрханы хоорон дахь Солбидгийн нуруугаар малтайгаа отроор яваад, Цагаан сараас хэдхэн хоногийн өмнөхөн гэртээ ирдэг улс даа. 2009-2010 оны өвлийн их хүйтэн, цаснаар Хотонт, Төвшрүүлэх сум болон Цэнхэр сумын Буйлган, Алтан-Овоо, Тамир, Цэцэрлэг, Цэнхэр багийнхан байгалийн гамшигт өртөж, олон айлын хот харласан юм даг. Тэгэхэд, Орхон багийнхан ганц ч малын хорогдолгүй гарсан. Тэдний тэрхүү мал маллагааны талаар “МонЦаМэ мэдээ”-сонинд гарч байсан боловч, тухайн үед улс орныг хамарсан их малын хорогдолдоо дээр дооргүй анхаарч, тэднийг хайхралгүй өнгөрсөн" хэмээн Батжаргал дарга танилцууллаа.
Биднийг Ихтээлийн эх хэмээх газар Ж.Баасанхүү, Д.Содномпэлжээ гэдэг хоёр өвгөн харчуул, идэрчүүд отроор яваа, хүүхэд хүүхэн авгайчуул сум, аймгийн төвд сургуулийн сурагчидтай өвөлжиж байна.
Бидний сүрдээд байдаг их цас, хүйтнийг тэд тоосон шинж ч алга. Байгалийн жам гээд л тухтай тохитой байх юм. Хэдэн өвгөний зөвлөснөөр, Орхон багийнхан зөвхөн мал маллагаандаа анхаараад, зогсохгүй ахуй амьдралаа сайхан зохицуулан авч явааг харахад хот суурин газрынхан бид атаархах сэтгэл төрлөө.
Учрыг лавлахад, Орхоныхан хөдөө багширсан малтай, хот сууринд тохилог хаустай аж. Манай багийн Засаг дарга 2005 онд иргэдээ аймаг, сумын төвд газар өмчилж авахыг зөвлөж, өөрөө гардан хөөцөлдсөн ачтай хүн дээ гэж Ж.Баасанхүү өвгөн үг нэмлээ. Малын тарга хүч сайн, хөрвөөлгүүддээ өвс бэлчээр сайтай, хувцас хунар хүнс бараа, эм тариа сайн нөөцөлсөн. Бичин жил гайгүй байх аа. Уул усандаа залбираад л байхад, болдог юм даа хэмээн хууччуул санаа зовсон янзгүй тайван байна.
Л.Булган