Б.Булгамаа:Зээл хүсэгчдийн төсөл бичих мэдлэг дутмаг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын ЗДТГ-аас “Сум хөгжүүлэх сан”-гийн Хөнгөлөлттэй зээлийн төслийг энэ сарын 18-наас 27-ны өдрийг хүртэл хүлээн авч байгаа юм. Энэ хугацаанд ирүүлсэн төслийг Зээлийн хороогоор хэлэлцэж сонгон шалгаруулна. Бид дээрх асуудлаар Баянхонгор сумын ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлт, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Б.Булгамаатай ярилцлаа.
-Юуны өмнө сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл гэж ямар эх үүсвэрийг хэлдэг, энэ зээлд хэн хамрагдаж болох вэ?
-Сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох зориулалтаар 2011 оноос улсын төсвийн эх үүсвэрээр бий болсон. Улсын төсөв, зээл, хүүгийн эргэн төлөлт, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн алданги, гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжийн хандиваас санг бүрдүүлэх боломжтой. Тухайн сумын харьяат, орон нутгийн давуу талд түшиглэсэн жижиг дунд бизнесийг шинээр байгуулах буюу үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа хөнгөлөлттэй зээл юм.
-Төсөлд тусгайлсан чиглэл заадаг уу?
-Тухайн орон нутагт зайлшгүй шаардлагатай үйлчилгээг дэмжихэд л чиглэдэг. Тодруулбал төрийн бодлогын дагуу экспортын чиг баримжаатай импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгыг чухалчилдаг гэж болно. Харин төсөл хэрэгжүүлэгчийг улсаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор олгогдож байгаа аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
-Баянхонгор сум 2016 онд хэдэн төгрөгийн зээлийг ямар төрлийн төсөлд олгосон бэ?
-Манай сумын хувьд 2011-2016 онд нийт 288 төсөлд нэг тэр бум 646 гаруй сая төгрөгийн зээл олгосон. Хүнсний үйлдвэрийн 36, хөнгөн үйлдвэрийн 111, газар тариалангийн 36, мал аж ахуйн 15, барилгын 20 үйлдвэрлэл, бусад чиглэлийн 70 үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн байна. Эдгээрийн 74 төсөл нь шинээр, 214 төсөл нь үйлчилгээгээ өргөтгөх зорилгоор төслөө ирүүлсэн байдаг.
-Зээлд хамрагдсан боловч зориулалт бусаар ашиглаж байгаа гэх мэт зөрчил хэр гардаг вэ? Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ер нь бол зээл олгосон төслийн хэрэгжилтэд сумын Засаг даргын Тамгын газар, Төрийн аудит, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, аймгийн Засаг даргын харьяа хэлтэс, агентлагуудаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт тогтмол хийгддэг.
Зээлийг зориулалт бусаар ашигласан зөрчил нийт зээлдэгчийн 10 хувьд гарсан. Зөрчил илэрсэн тохиолдолд сангаас олгох зээлийн гэрээг цуцалж, хөнгөлөлттэй хүүг банкны хүүд шилжүүлэн, алданги тооцож төлүүлдэг. Мөн зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалж, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажилладаг.
-Энэ онд хөнгөлөлттэй зээл олгохдоо юуг анхаарч байна вэ?
-Мэдээж төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд аймаг, сумын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьж байгаа.
Гэхдээ Баянхонгор сумын зүгээс хүсэлт ирүүлсэн төслүүдийг сайтар судалж, хэрэгжих боломжтой, үр өгөөжөө өгөх төслийг дэмжих болно. Орон нутгийн давуу талд түшиглэсэн байдал, хэрэгжих боломж нөхцөл, тухайн төсөл хэрэгжүүлэгчийн мэдлэг, ур чадвар, туршлага, тухайн бизнесийн эрэлт, хэрэгцээ, зээлийг эргэн төлөх чадвар зэргийг харгалзан үзэх юм.
-Энэ оны хувьд хэдийгээр 400 гаруй сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгохоор батлагдсан боловч зээлээр олгох мөнгө хүрэлцээгүй гэх мэдээлэл байна. Энэ тухайд?
-Баянхонгор сумын хувьд 2017 онд 410.0 сая төгрөгийн санхүүжилтийг сум хөгжүүлэх сангаас олгохоор төлөвлөсөн. Гэхдээ 2016 онд “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам” шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй. Тийм болохоор 2016 оны төвлөрүүлсэн орлого болох 220 сая төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлээр олгохоор зарласан байгаа. Харин энэ оны сүүлийн хагас жилд 2017 оны эхэнд олгож буй зээл, хүүгийн эргэн төлөлтийн орлого 190.0 сая төгрөгийг бүрдүүлж, дараачийн төсөл сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн анхаарах зүйл юу байна вэ?
-Сум хөгжүүлэх сангийн зээл нь хүү багатай, хугацаа урт байдаг учир олон иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлдэг. Гэхдээ төсөл бичих мэдлэг, боломж дутмаг байдгаас төслөө хүнээр бичүүлдэг. Ингэхээр тус төсөл нь бодитой биш, тооцоо, судалгаа дутмаг болох талтай. Өөрөөр хэлбэл тухайн төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн онцлог, мэдлэг, ур чадвар, туршлага, зах зээлийн сонголт, тооцоо судалгаа ордоггүй байдлаас ирүүлсэн төслөө тайлбарлаж мэддэггүй. Түүнээс гадна зээлийг зориулалт бусаар ашиглахаас гадна эргэн төлөлтийг цаг хугацаандаа хийж чадахгүй, муу зээлийн түүх үүсгэх зээлдэгчид байдаг. Сангаас авсан зээлийг зориулалт бусаар ашигласан, цаг хугацаандаа зээлээ төлөөгүй зээлдэгчдэд Сум хөгжүүлэх сангаас дахин зээл олгохгүй.
Цаашид бидний зүгээс хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй байлгах, иргэдээ дэмжих зорилгоор бизнес эрхлэгчдээ чадавхжуулж зээлээ зөв зарцуулах, бизнесээ тогтвортой хөгжүүлэх сургалт, зөвлөгөө өгөх чиглэл барьж ажиллана.
Б.Мөнхзул