У.Болт медалиа хураалгахаар болов
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН./ВВС/.Ямайкийн буухиа гүйлтийн багийн тамирчин Неста Картер сэргээшийн шинжилгээнд унаснаар алдарт тамирчин Усэйн Болт Олимпийн 9 алтан медалийнхаа нэгийг хураалгахаар боллоо.
Картер бол 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын 4х100 м-ийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн Ямайкийн дөрвөлийн нэг юм. Өнгөрсөн онд Олон улсын Олимпийн хорооноос дахин шинжлэхээр болсон сэргээшийн 454 дээжийн дотор түүнээс авсан шинжилгээний дээж байжээ. Сэргээшийн төрөлд багтах “метилгексанеамин” гэдэг хориотой бодис түүнээс авсан шинжилгээний дээжнээс илэрсэн байна.
Өнгөрсөн зун болсон Риогийн Олимпод Усэйн Болт “Бээжин-2008” болон “Лондон-2012” наадамд үзүүлсэн амжилтаа давтан гурван төрөлд, тодруулбал 100 м, 200 м болон 4х100 м-ийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн билээ.
Өдгөө 31 настай Картер бол “Бээжин-2008”-ын 4х100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд өрсөлдсөн Ямайкийн багийн гарааны тамирчин юм. Тус багийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Майкл Фратер, Асафа Пауэлл болон Усэйн Болт байсан билээ.
Тэд 4х100 м-ийг 37.10 секундэд туулан Тринидад-Тобаго болон Японы багийн өмнө хөл тавьж байв. Одоо Ямайкийн баг медалиа хураалгаснаар уг хоёр багийн амжилт ахина гэсэн үг. Мөн дөрөвдүгээр байрт орсон Бразилын баг хүрэл медаль хүртэх юм.
Г.Доржханд