Хөх диваажингийн хязгаар
ТОЙМ“Тусгал” гэхээр уншигч танд яг юу төсөөлөгдөж байна. Энэ үгийг олон өнцгөөс харж болох л доо. Гэхдээ “одоо цаг”-т өөрийг тань тойрон хүрээлж, шинээр үүсэн бий болж буй гэрэл зургийн өнгө, зураачийн гарт буй бийр будагны талаар төсөөлөөд үзээрэй. Эсвэл зурагчны барьсан камер ч байсан болно.
Урлагийн аль ч төрөлд тусгал гэдэг нь өөрийнхөө дотор луу өнгийж харахыг хэлнэ. Нэг ёсондоо дотоод ертөнцийнхөө дуу чимээг сонсч, өөртэйгөө ярилцах боломж бүрдэнэ гэсэн үг. Гол нь энэ бүхнийгээ урлагаар дамжуулж хүмүүст харуулах, “би”-гээ таниулах явдал нь нэг ёсондоо тусгалаас үүссэн урлаг гэж хэлж болно.
Юунд энэ бүхнийг нуршив гэж гайхаж магад. Учир нь “Тусгал” гэрэл зургийн нэгдэл “Шангри Ла Молл”-д хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ. Монгол орны байгалын өвөрмөц тогтоц бүхий газруудыг олонд таниулж, гэрэл зурагчдын сэтгэлгээний цар хүрээг илэрхийлэх гэрэл зургийн өвөрмөц шийдэл бүхий хэмжээс, зохиомжтойгоор байрлуулжээ. Тус үзэсгэлэнд байгалийн гэрэл зургаар дагнасан 13 хүний 39 бүтээл тавьжээ. Эдгээр зургийг авахын тулд тухайн уран бүтээлч маань өнгөрсөн жилийн өвлийн тасхийм жавар, зуны аагим халууныг эс тоон 21 км зам туулсан гэнэ. Мөн энэ үеэр гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд орлогыг “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж байгуулах төсөлд хандивлах аж. Ийнхүү залуус нэгдэж нийгмийн сайн сайхан, хүүхдийн эрүүл аюулгүй амьдралын төлөө тэмцэж, зүгээр суулгүй шинийг эрэлхийлж, хийж бүтээж байгаа нь бахархууштай. “Шангрила”-гаар гадна дотны жуулчид ихээр үйлчлүүлдэг учир тус үзэсгэлэнг тун зөв газраа нээжээ.
Бүтээлүүдийг үзэж явахуй дор эх орныхоо онгон дагшин, сүр хүчит байгалийн сайханд аялж буй мэт сэтгэгдэл төрнө. Үзэсгэлэнд ганцхан том сэдэв бий. Тэр нь Монголын зан заншил, монгол нутгийн байгалийн сайхнаар аялуулах мэт.
Бид өнөөдөр байгалиас хэт их холдсоор буй. Суурин иргэншилд өсч, хөдөө явж үзээгүй хүүхэд, залуус олширчээ. Тэд байгалийн салхи яаж хүнгэндэгийг мэдэхгүй, говийн нарны халуун илч, ой моддын шуугиан, булаг шандын хоржигнох чимээ хэрхэн хөгжимлөг сонсонгддог болохыг мэдэхгүй. Тиймээс ч “Тусгал” нэгдлийн хамт олон энэ бүхнийг гэрэл зургаар дамжуулан үзэгчдэд хүргэхийг хичээжээ. Нэгээхэн агшинг аргамжиж түүх болгон үлдээдэг нь гэрэл зурагчдын чадвар билээ.
Тунгалаг биетээр дүрсжүүлэн авсан гэрэл зургийн гайхамшиг нь яг юунд оршин байдаг вэ? Үүнд ганцхан тодорхой хариулт байдаг. Гэрэл зураг бол түүхийн бодит гэрч. Ялангуяа улс орон бүрийн хувьд гэрэл зурагчид онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн нийгэмд гэрэл зургийн сэтгүүлчид хамгийн зоригтой хүмүүсийн тоонд ордог. Тэд дайн дажин, бослого самуун үймээнийг үл ажиран ажлаа хийсээр л байдаг. Үүнтэй адилхан эх орныхоо байгалийн сайхныг хүмүүст харуулж, нутаг усаа хайрлах үзлийг бэхжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэхийг “Тусгал” нэгдлийн хамт олон зорьж ажиллажээ.
Өмнөх үзэсгэлэнд сэтгэл эмзэглүүлэм дүр зургийг харуулж байсан бол энэ удаагийнх үзэхүл баяр бахдал төрнө. Бүрдүүлсэн орчин нь их өвөрмөц бөгөөд санаанд оромгүй агшныг уран яруугаар гэрэл зургийн халсьнаа буулгажээ. Бид гэрэл зургаар дамжуулан хүмүүст юуг ойлгуулж болох вэ? Үзэсгэлэнгийн танхимаас гарч явахдаа энэхүү асуултыг хамгийн түрүүнд өөрөөсөө асуумаар болов. Ерөөс хүмүүст ямар нэгэн зүйл ойлгуулахын тулд гэрэл зургийг авах нь чухал биш. Харин хүмүүс тухайн зургийг таньж, ойлгож, өөрсдөө боловсрол олж авах нь юу юунаас илүү чухал ажээ.