Өвөлжилт хүндэрсэн сумдад 3000 орчим мал зүй бусаар хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-27 16:20:54

Увс аймгийн Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Тэс, Хяргас, Цагаанхайрхан, Улаангом гэсэн суманд одоогоор өвөлжилт хүндрээд байна.

Үүнээс гадна Тариалан суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Харин бусад сумдад өвөлжилт хэвийн байна. Энэ сарын 26-ны байдлаар Увс аймгийн хэмжээнд 3 мянга орчим мал зүй бусаар хорогдсон мэдээтэй байна. Өвөлжилт хүндэрсэн сумдад уулархаг газар, гуу жалгандаа 40-80 см зузаан цастай байгаа нь бог малын шилбэ халцрах, мал бэлчээрлэх боломжгүй болох хүндрэлтэй нөхцлийг үүсгэжээ. Ялангуяа зэрлэг амьтад өвс тэжээлийн хомсдолд орж уулнаас буух үзэгдэл их гарч байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан мэдээгээр энэ сарын сүүлчээр болон 2, 3-р сардаа олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа аж. Тэгвэл цаашдаа мал аж ахуйн салбарын хаваржилт хүндрэх магадлалтай байна.

Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад зориулж Увс аймагт 100 сая төгрөг, Баруунтуруун, Сагил, Цагаанхайрхан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд яаралтай түргэн тусламжийн автомашин олгоод байна. Харин аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 8,8 сая төгрөгийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл олгож, орон нутгийн чанартай зам давааны цас цэвэрлэх, зам гаргахад 5 сая, Баруунтуруун, Бөхмөрөн, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Хяргас, Түргэн сумдын отроор өвөлжиж байгаа малчдад төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхэд 6,4 сая төгрөг зарцуулан малчдынхаа эрүүл мэндэд анхаарчээ.

Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 сая төгрөгөөр 19 мянга 70 боодол өвсийг бэлтгэсэн бөгөөд орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, цаг үеийн нөхцөл байдал хүндрэхээс өмнө таван суманд 10 мянган боодол өвсийг хүргэж байршуулсан байна. Одоогоор өвөлжилт хүндэрсэн багуудад өвс тэжээл шуурхай хүргэх арга хэмжээ авч байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ