Гэр бүлийн хүчирхийлэл залуу эрэгтэйг ч “тойрохгүй” байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт 2014 онд “Оюу” сэтгэц наркологийн эмнэлэгийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилдэг “Хамгаалах байр” байгуулсан юм. Тус эмнэлэг өнөөдрийн байдлаар 220 гаруй иргэдэд үйлчилжээ. “Оюу” эмнэлгийн ерөнхий эмч С.Оюунчимэгтэй ярилцлаа.
- Эмнэлэг, “Хамгаалах байр” нэг доор төвлөрч байгаа нь хэр тохиромжтой вэ?
-Харин ч давуу талтай. Ер нь хамгаалах байр өөрийн стандартаар эмнэлгийг түшиглэх ёстой. Бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, бэртэл гэмтэлтэй хүмүүс ирэх магадлал өндөр байдгаас тэр. Манайд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, эрэгтэйчүүд ч ирдэг. Сүүлийн үед залуучууд ирэх хандлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэл залуу эрэгтэйг ч тойрохгүй болжээ. Янз бүрийн хүрээний, амьдрал ахуй нь тэгширчихсэн, ажил албан тушаалтай хүмүүс ч ирнэ. Хүүхэд хүртэл өөрөө зориод ирж байсан тохиолдол бий. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, туслах үйлчилгээ орон нутагт зайлшгүй шаардлагатай байсан тул эмнэлгийнхээ дэргэд үүнийг байгуулж орон нутгаас дэмжлэг авч байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш орон нутгийн төсвөөс жил бүр 10 сая төгрөг авч үйл ажиллагаандаа зарцуулж байна.
-Хамгаалах байранд ирж үйлчлүүлж буй хүмүүс ямар хугацаанд байрладаг вэ?
-Янз бүр л байдаг. Ихэвчлэн 2-3 хоноод ар гэртэйгээ эвлэрээд гараад явдаг бол зарим нь 20 орчим хонож асуудал нь шийдвэрлэгдтэл байх тохиолдол ч гарна. Бид “гар, яв” гэхгүй. Аль болохоор ая тухтай байлгахыг хичээнэ.
-Өнөөдрийн байдлаар хэдэн хүнтэй байна?
-Энэ сарын 18-нд нэг айлын 5 хүүхэд ирсэн. Одоо хүртэл байна. Саяхан аав нь ирж хүүхдүүдтэйгээ уулзсан. Мөн эмээ нь ирж уулзсан. Хичээл сургуульд нь хүргэж өгөх талаар ярилцсан. Хүний хувийн нууцтай холбоотой учир өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Танай байрны мэдээллийг иргэд хаанаас авдаг вэ?
-Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет цахим орчин гээд олон сувгаар л мэдээлэл авдаг байх. Зарим тохиолдолд цагдаа нар ч дагуулчихсан ирэх нь бий. “Хамгаалах байр”-ны утас 70356001. Иргэд энэ утасны дугаарыг мэдэж байхад илүүдэхгүй. Энэ утас 24 цаг ажилладаг. Энгийн утасны тарифаар ярьдаг. Зарим тохиолдолд шөнө, үдшийн цагаар гэрээс ирээд аваач гэж тохиолдол бий. Харамсалтай нь бид машин унаа байдаггүй тул гэрээс нь очиж авах арга байхгүй. Харин хүрээд ирсэн тохиолдол Хамгаалах байрандаа байрлуулаад, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг.
Б.Оюун-Эрдэнэ