Алдар цолтон ахмадад төрөөс нэмэгдэл олгох хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-31 15:21:54

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Үүнтэй холбогдуулан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон  гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар  улс  эх орноо хөгжүүлэх,  бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог. Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар   зохицуулж байсан ижил төрлийн  тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох  тухай  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийг баталснаар ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс ардчилсан хувьсгалыг зохион байгуулсан ахмадуудад “Насны хишиг” олгох санал гаргасан ч дэмжээгүй юм. Өнөөдөр АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ уг саналыг дахин оруулсан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн А.Ундраа чуулганд танилцуулах болов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ