Өмнөд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд 30 сая доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2017-02-01 14:16:40

МОСКВА./TASS/. Өмнөд Солонгосын засгийн газар 2018 онд тус улсын Пенчан хотод болох өвлийн Олимпын наадам, Паралимпын наадамд үндэсний шигшээ багуудаа бэлтгэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ тухай БНСУ-ын Спортын яам мэдээлснийг Ройтерс агентлаг уламжиллаа.

Хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс нийтдээ 30 сая орчим долларыг тамирчдын бэлтгэлд зарцуулах ажээ. 2016 онд тус улсын засгийн газар тамирчиддаа 23,6 сая долларын мөнгөн тусламж үзүүлсэн бол энэ онд 29,2 сая доллар болгон нэмэгдүүлсэн байна.

Өмнөд Солонгосын шигшээ багийн өмнөө тавьж буй зорилго бол өвлийн Олимпын наадамд багийн дүнгээр 4 дүгээр байрт орох явдал юм. Тус улсын нийт 130 тамирчин "PyeongChang-2018"-д /Паралимпын тамирчдыг тооцохгүйгээр/ оролцож, спортын 7 төрөлд 20 орчим медаль авахаар төлөвлөөд байгаа аж. Үүний тулд тамирчдаа дэмжих тусгай баг байгуулж, түүний бүрэлдэхүүнд Спортын яам, Пенчан-2018 наадмын зохион байгуулах хороо, өвлийн спортын төрлүүдийн холбоод, Үндэсний Олимпын хорооны төлөөлөгчид багтсан байна.

ОХУ-ын Сочи хотод 2014 онд болсон өвлийн Олимпын наадамд Өмнөд Солонгосын тамирчид 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 13 дугаар байрт оржээ.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ