Бяцхан хүүхдүүдэд уран бүтээлчид "“Царцаа Намжил” жүжгээр бэлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын энэ оны хүүхдэд зориулсан анхны бүтээлээ “Царцаа Намжил” жүжгээр нээж байна.
Тус театрын уран бүтээлчид ардын аман зохиол, үлгэрээр дамжуулан хүүхэд багачуудад монголын түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг таниулж үндэсний үзлийг төлөвшүүлэхээр хоёрдугаар сарын 5-ны өдрийн 13:00, 15:00 цагт тоглолтоо хийхээр болжээ.
Уг жүжиг нь “Монгол ардын хөгжим, бүжиг, дүр дүрслэлийг агуулсан бөгөөд үндэсний хэв маягийг тусгасан, хүүхдийн сонирхлыг татахуйц бүтээл болсон хэмээн найруулагч Б.Хишигзаяа хэллээ.
Жүжигт Монгол ардын гурван үлгэр багтсанаараа онцлогтой юм байна. “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн зохиолыг зохиолч, яруу найрагч Я. Баяраа, Б.Хишигзаяа нар бичжээ. Хүүхдийн жүжгийн гол дүр буюу Царцаа Намжилд жүжигчин Б.Золжаргал, Номын багш дүрд СТА С.Болд-Эрдэнэ, СТА, жүжигчин Ц.Цэрэнболд, Эрлэг номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хатанд МУГЖ Ж.Оюундарь нарын уран бүтээлчид тоглох юм байна.
Дээрх бүтээл нь БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан юм байна. Тоглолтын тасалбарыг УДЭТ-ын билетийн касс, www.ticket.mn худалдаалж эхэлжээ. Тасалбар худалдан авсан эхний 3000 хүүхдэд бэлэгтэй, анги хамт олноороо захиалга өгвөл 40 хувийн хөнгөлөлттэй аж.
Р.Хишигжаргал