Иргэдийн санал асуулгаар нийгэм дэх тулгамдсан асуудлыг шийднэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүний өргөн барьсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад орших юм. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахад чиглэж буй.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, "Хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлт, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах нь. Хот суурин газрын төлөвлөлт гэдэг бол мэргэжлийн хүний хийдэг ажил шүү. Асуудлыг нягтлах хэрэгтэй гэж өмнө би хэлж байсан. Хэрхэн засч оруулсан бэ" гэсэн асуудлыг тодруулсан. Үүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд хот суурин газрын ерөнхий төлөвлөлт дээр санал асуулга явуулахгүй. Харин хэсэгчилсэн төлөвлөлт дээр явуулж болохоор засварласан гэсэн хариултыг өгсөн юм.
Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналаар санал хураалт явуулж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Б.Туул