Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 оны зургадугаар сард баталсан. Хуулийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраас тухайн ондоо 191 дүгээр тогтоолыг гарган, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Уг тогтоолоор 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд хөнгөлөлт чөлөөлөлт өнгөрсөн оны 12 сарын 31-ны өдрөөр тасалбар болсон байна.
Тус хуулийн хугацааг үргэлжлүүлэн сунгах талаар бизнес эрхлэгчдээс удаа дараа санал хүсэлт ирүүлж байгаа тул Ж.Ганбаатар нарын найман гишүүн хуулийн төслийн боловсруулсан аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс гишүүдийн 88.4 хувийн саналаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа.
Б.Туул