Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүмүүнлэгийн ажил хийжээ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 14:41:12

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлсээс албан хаагчдынхаа нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн төвийн Сүхбаатар сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн судалгааг үндэслэн сонголт хийж, тус сумын 4 дүгээр багт оршин суугч Б.Должинсүрэнгийн гэр бүлд туслалцаа үзүүлэхээр хандивын аян зохион байгуулан ажиллаж байна.

Б.Должинсүрэн нь ам бүл 8,  гэрэл цахилгаангүй, нэг тал хашаанд, дулаалгагүй гэрт суудаг байна. Судалгаанаас харахад тус өрхийн тэргүүн нь 72 настай, тэтгэвэрт, гэр бүлийн насанд хүрээгүй гурван хүүхэд, нэг нь цэцэрлэгийн насны бусад хоёр нь сургуулийн насны, хөдөлмөрийн насны гурван гишүүнээс хоёр нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг, нэг гишүүн нь улирлын чанартай ажил хийдэг аж. Мөн гэр бүлийн орлого нь өрхийн тэргүүний тэтгэвэр болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүний хөгжил сангаас олгож буй хүнсний талоноос бүрдэж байгаа гэнэ. Иймээс энэ гэр бүлд туслалцаа үзүүлэх зорилгоор нийт 8 ажил төлөвлөсөн байна. Эхний ээлжинд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгуулан өгч, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран цахилгаан татуулах, хашааны банз авч хашаажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Түүнчлэн хэлтсийн хэмжээнд хандивын аян зохион байгуулж албан хаагч тус бүр 10.000 төгрөг, мөн хүүхдийн хувцас, ор дэрний даавуу, ариун цэврийн болон  гэрийн гал тогооны хэрэгсэл, хүүхдийн тоглоом, хүнсний зүйлийг цуглуулан тухайн өрхөд олгосон байна.

Мөн Сайхан сумын улсын бүртгэгч Б.Лхамдэгд, Б.Чинбаяр, Архивч н.Хишигбаяр нар нь тус сумын ЗДТГ-т хандивын аяныг өрнүүлж, 60.000 төгрөг цуглуулан гэр бүлийн хэрэгцээний зүйл худалдан авч, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлжээ. Цаашид тус өрхөд халамжийн сангаас гэр олгуулах, зүрхний ховдлын цооролтой гэж оношлогдсон гурван настай охиныг эмчлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, ажлын чадвартай өрхийн гишүүдийг байнгын ажлын байртай болоход туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ