Үндэсний хэмжээнд иргэдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-08 15:09:40

"Монгол контент" ХХК-иас санаачлан АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуультай хамтран нийслэлийн таван цэгт амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламжид хийсэн тандалт шинжилгээний дүнг өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд  танилцууллаа.

Тандалт шинжилгээнд Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан орчимд амьдардаг цэгээс 7-14 насны 15 хүүхдийг сонгон хамруулахад хүүхдийн цусанд  байх ёсгүй хар тугалгын агууламж нь 22 мкг/дл байсан гэсэн хариу гарчээ. Тодруулбал, Баянхошуу амьдардаг хүүхдийнх 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчмын хүүхдэд 5.7-10 мкг/дл, хотын төвийнх 4.2-8 мкг/дл, Нарантуул захынх 4-4.3 мкг/дл, Зайсан орчмын хүүхдүүдээс огт илрээгүй байна.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх хэлэхдээ, "Шинжилгээний дүнгээс үзэхэд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон сууцанд буюу агаарын бохирдол харьцангуй багатай бүсэд амьдардаг хүүхэдтэй харьцуулбал бага байна.

Хар тугалгын цусан дахь агууламж орон сууцны хүүхдүүдэд 3.8, гэр хороололд амьдарч буй хүүхдэд 10.8 байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт оруулах хэмжээ биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 45 мкг/дл-ээс их тохиолдолд хор саармагжуулах эмчилгээ хийх шаардлагатай. Тиймээс энэ түвшинд хүрээгүй учир хор тайлах эмчилгээ хийх шаардлагагүй. Харин тав, зургаан сарын дараа дахин шинжлүүлэх ёстой. Хэрвээ цусан дахь хар тугалга нэмэгдэж байвал эх үүсвэр нь юунд байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин суурь хэмжээг тодорхойлох, хэмжих шаардлага хэрэгцээ байна. Хэрвээ эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд байгаа бол хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байна” гэв.

Хар тугалга бол хүний цусанд байх ёсгүй элемент бөгөөд хүүхдийн оюуны чадамжийг бууруулан, цус багадалт, бөөрний өвчлөл, сонсгол, өсөлтөд сөрөг нөлөөтэй бол жирэмсэн эмэгтэйчүүдэд ураг өсөлтгүй болох, ураг зулбах, бусад хүмүүст үргүйдэл, сэтгэн бодох чадварыг бууруулдаг аж.

Санаандгүй түүврээр сонгосон 15 хүүхдийн цуснаас дээрх хэмжээтэй хар тугалга илрэхэд голлон нөлөөлж буй хүчин зүйл нь агаарын бохирдол. Гэвч үүнээс гадна будаг, хүүхдийн тоглоом, ус, хүнс, хоолны сав, А80 түлш зэрэг олон зүйлээс шалтгаалж байна гэдгийг GoGo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг хэллээ. 

Иймээс Засгийн газар, ЭМЯ-нд шаардлага хүргүүлнэ гэлээ. Уг шаардлагад, хүний бие дэх хүнд металлын хорыг судалдаг биомониторингийн түүвэр судалгаа хийх, хар тугалгаар хордуулж байгаа эх үүсвэрийг тодорхойлох судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд хийх,  хар тугалганы үзлэг, тандалтын тогтолцоотой болох зэрэг саналыг тусгажээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ