Архины 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ.
Хотын дарга С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлсэн байна.
Зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгж, зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож, үйл ажиллагааг нь түр зогсоосон “Мөнхжин Од” ХХК-ийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлэхээр болсон байна.
Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам олгодог байна.
Тиймээс хотын дарга "Их тэс гол” ХХК-ийн Хабул, Шаргалжуут архи, “Монгол инженер” ХХК-ийн Хөх тэнгэр, Одтой Чингис, “Бенедакт” ХХК-ийн Монголын хаан, Сүжигт архи, “Аранзал трейд” ХХК-ийн "Сайхан" архи, “Цэлмэг туяа” ХХК-ийн "Valencia", "Sangria", "Sun Martini", "Elit", "Golden Salut" дарс, "Хүрд трейд” компанийн "Монгол" шар айраг, "Хорго цагаан” ХХК-ийн "Аяны дугараа" архи, “Энигмаа” ХХК-ийн архи, “Хун лотус” ХХК-ийн шар айраг, “Тэргүүн трейд” ХХК-ийн спирт, “Бенедакт” ХХК-ийн "Монголын хаан", "Сүжигт" дарс, "Мөнхжин од” ХХК-ийн Мөнхжин Найрсаг архи зэрэг аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах санал хүргүүлжээ.
Б.Заяа