Увсад газар зохион байгуулалтын шинэ программ ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:08:58

"Гео орон зайн мэдээллийг орон нутгийн хөгжилд ашиглах нь” сэдэвт бага хурлыг Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас Увс аймагт зохион байгууллаа.

Газар төлөвлөлтийн бодлогыг олон нийт газар өмчлөх, кадастрын зургаар баталгаажуулах төдийд л ойлгож, хэрэглэж ирсэн. Харин газрын харилцааг хөгжлийн суурь болгон авч үзэж, шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан хөгжлийн бодлого тодорхойлох ажлуудыг Монгол улсад анх удаа Увс аймаг хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлж байгаа нь энэ юм. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Увс аймагт Гео орон зайн мэдээллийг ашиглан боловсруулсан, хэрэглээнд шууд нэвтрүүлэх дөрвөн төрлийн программ, 30 давхаргын мэдээллийн зургийг хүлээлгэн өглөө.

Тэдгээрийн нэг нь газар, зохион байгуулалт, төлөвлөлтийн Ланд Менежер программ юм. Иргэн, аж ахуйн нэгжийн газар өмчлөх болон эзэмшихээр гаргасан өргөдлийг хүлээж авахаас эхлээд, шийдвэрлэх хүртэл бүхий л үйл явцыг багтаасан цогц программыг ашигласнаар газар давхар олгох, хэмжээ, хил заагийн талаарх маргаан шийдвэрлэгдэх юм.

Гео орон зайн мэдээллийн сан нь орон нутгийн байгалийн нөхцөл, нөөцийн талаарх судалгааны үр дүн, мэдээллүүдийг эрэмбэлэн тухайн нутагт аж ахуй эрхлэх тохиромжтой байдлын үнэлгээ, хэрэгцээт байдлын үнэлгээг тооцсон мэдээллийг хэрэглэгчдэд өгдөгөөрөө хэрэглэгчид ашиглахад илүү тохиромжтой, үр өгөөжтэй байдаг байна. Тухайлбал жимс ногооны газрыг аль хэсэгт олговол газрын шим арвин байх, аль газарт байшин барилга баривал аюулгүй байдлаа хангах вэ гэдэг төлөвлөлт хийсний дараа хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Ийнхүү Увс аймаг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн бодлогоо тодорхойлохдоо шинжлэх ухааны үндэстэй, мэдлэгт суурилсан судалгааг ашиглаж эхэллээ. Ингэж Монгол Улс газар дээрх нөөцийн удирдлагаа олон улсын түвшинд гаргаснаар эдийн засгийн хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зэрэг олон зүйлийг хэмнэх ач холбогдолтой юм.

Гурван жил орчим хийж буй уг судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд Увс аймгийн хэмжээнд маргаантай зургаан мянган нэгж талбар байгааг тогтоосон аж. Иймээс аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж тэдгээр иргэдэд өрхийн хэрэгцээний газрыг нь байгаа чигээр нь өмчлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ