Гадаадын хөрөнгө оруулалтыг Европын Холбоо хязгаарлах нь зүйтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2017-02-15 13:19:31

ПАРИС. /TASS/. Герман, Итали болон Францын Эдийн засгийн сайд нар Европын Худалдааны комиссар Сесилия Мальстремд захидал илгээж, Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнд багтдаггүй улс орнуудын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.

Гурван улсын сайд нар Европт зохион бүтээсэн инновацийн технологийг гадны хөрөнгө оруулагчид дамлан худалдаж байж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж.

Захидалд “зарим улсад ЕХ-ны хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаагийн хариуд адил төстэй арга хэмжээ авахгүй байгаа болон Европын технологийг дамлан худалдаж байж магадгүй байгаа зэрэг нь бидний санааг зовоож байна” гэж дурджээ.

"ЕХ-ны гишүүн бус зарим оронд улсын захиалгаар ажил гүйцэтгэх боломж Европын хөрөнгө оруулагчдад хязгаарлагдмал байдаг бол ЕХ-ны зах зээл нь бусад орнуудын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг билээ” гэж уг захидалд сануулан дурдсан байна.  

Үүнтэй холбогдуулан гурван орны сайд нар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрхийг ЕХ-ны гишүүд орнуудад олгох нь зүйтэй гэсэн саналыг Европын Комисст хүргүүлжээ.  

ЕХ-ны хууль дүрэм нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамд аюул учруулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох эрхийг гишүүн орнуудад олгодог болохыг сайд нар захидалдаа онцолсон байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ