Увс аймгийн хэмжээнд 766 албан тушаалтан хөрөнгө оруулгын мэдүүлгээ тайлагнана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЖил бүрийн 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ны дотор төрийн захиргааны албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т цахим хэлбээр гаргаж өгдөг. Тэгвэл хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээж авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Увс аймгийн хэмжээнд төрийн захиргааны 766 албан тушаалтан хөрөнгө оруулгын мэдүүлгээ үнэн зөвөөр нь тайлагнан цахим мэдээллийн санд байршуулах ёстой аж.
“Энэ жилийн тухайд сонгуулийн жил байсантай холбоотой шинээр албан тушаалын томилгоо ихээр хийгдсэн учир ХОМ-ийг цаг хугацаанд нь чанартай хийх тал дээр анхаарч ажиллаж байна. Үндсэндээ ХОМ-ийг жил бүр авч буй гол зорилго нь төрийн албан хаагчид ажилд орохдоо хэдий хэмжээний хөрөнгөтэй байсан, ажиллах хугацаанд ямар хэмжээний хөрөнгөтэй болсон, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл байна уу гэдэгт хяналт тавих, цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжих, авлигын гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Ямар ч байсан манай аймгийн төрийн албан хаагчид маань хуулийн хугацаандаа амжаад ХОМ-ээ гаргаж өгч байна” хэмээн аймгийн ЗДТГ-ын Авлига, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Тэсхүү хэллээ.
Хэрвээ хуулийн үйлчлэлд хамаарах албан хаагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ хожимдуулж гаргасан мөн огт гаргаж өгөөгүй тохиолдолд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр гаргасан зөрчлөөс нь хамаараад сануулах, цалингийн хувь бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулдаг байна.
Б.Батхүү