Ш.Раднаасэд: Төрийн байгууллагуудын гаргаж буй шийдвэрүүдийг ил тод болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд бие даасан найман, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэж батлуулжээ.
Энэ талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэв. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан нь байнгын хорооны онцлох ажлын нэг хэмээн Ш.Раднаасэд хэллээ.
Тэрбээр, “Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах асуудлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэж, хуулийг улам бүр төгөлдөржүүлсэн. Мөн 2003 онд баталсан Арбитрын тухай хуулийг дэлхийн стандартад нийцүүлэн шинэчлэн батлуулсан. Хуулийг энэ сарын 21-нд олон улсад танилцуулна. Үүнээс гадна “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол гаргасан. Монгол Улс 2005 оноос хойш Авлигатай тэмцэх хөтөлбөргүй явж ирсэн. Шинэ хөтөлбөр авлигатай тэмцэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Гол нь төрийн байгууллагын шийдвэрүүдийг ил тод болгох юм. Энэ нь авлига үүсэх боломжийг хаана. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг АТГ ирэх сарын 01-нээс өмнө эхлүүлнэ.
Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл баталсан. Үндсэн чиглэл бол Засгийн газар 2020 он хүртэл аль салбарын яамар хуулийг боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох төлөвлөгөө гэж болно.
Ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг боловронгуй болгоход иргэдийн санал хүсэлтийг тусгах шаардлагтай. Ирэх хаврын чуулган хүртэл Хууль зүйн байнгын хороо иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төсөл юм” хэмээв.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 500 гаруй хуулийн хэрэгжилтийг хангуулахад УИХ, Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг Ж.Ганбаатар гишүүн хэлсэн. Тэрбээр, “Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд 400 гаруй хууль батлахаар тусгасан. Ингэснээр Монгол 1000 орчим хуультай болно гэсэн үг. Хууль олон болсноор нийгмийн хөгжил дээшлэхгүй гэдгийг бид өнгөрсөн 20 жилийн туршлагаас харж болно. Олон хууль санаачилж, түүнийгээ хурдан батлуулах нь ажлын үр өгөөж биш. Тиймээс бид аль болох хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах болно. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгахын төлөө ажиллана” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. УИХ хууль баталсан л бол хэрэгжих ёстой.
-Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд яг ямар өөрчдлөлт орсон юм бэ?
-2003 оноос мөрдөгдөж байсан Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьсан, хараат бусаар ажиллах нөхцөл бололцоог хумьсан байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан.
-Эрүүгийн хуульд хариуцлага алдсан эмч нарт хэт хүнд шийтгэл ногдуулахаар тусгасан гэсэн маргаан гарч байсан. Тэр заалт өөрчлөгдсөн үү?
-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Мөн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийх үед хорих ял ногдуулахгүй байхаар тусгасан.
-Байнгын хорооны хуралд дээр Худалдаа хөгжлийн банктай холбоотой концессын гэрээнүүдэд хяналт шалгалт хийнэ гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ?
-Монгол Улсад нийт 1.6 их наяд төгрөгийн концессын гэрээ бий. Үүнийг бүгдийг шалгах ёстой. 1.6 их наядыг Монголын төр, татвар төлөгч иргэд төлнө. Зарим газар үнийн дүн анх батлагдсанаасаа 1,180 дахин өссөн гэрээ ч байна. Нэг км автозамыг 1.2 тэрбум төгрөгөөр барьдаг байхад “Гудамж” төслийн хүрээнд таван тэрбум төгрөг зарцуулсан асуудал бий.
-“Эрдэнэт” үйлдвэрт дахин шалгалт хийж байгаа гэсэн. Шалгалтыг танай байнгын хороо хийж байна уу?
-“Эрдэнэт”-ийн асуудлаар Төрийн өмчийн бодлго, зохицуулалтын газар (ТӨБЗГ), Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарсан. Энэ шалгалт 20 хоног үргэлжилнэ. Үр дүн нь цагаан сарын өмнө гарах байх.
-“Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн улстөрчдийн нэрийг ил зарлах уу?
-Сангийн яам, ТӨБЗГ-ын шалгалтын дараа ил тод болох байх. Төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанаас эхлээд бүх зүйл ил тод, нээлттэй явагдах ёстой.
-“Эрдэнэт” дэх төрийн өмчийн 51 хувийг Станданрт банканд барьцаанд тавьсан. Олон Улсын арбитрын шүүх дээр Монгол Улс ялагдал хүлээсэн гэсэн. Энэ талаар Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл бий юу?
-Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаас асуусан. Анх Хадгаламж банк 109 сая ам.доллар зээлсэн юм билээ. Одоо төлбөрөө барагдуулаад явж байгаа. Ерөнхийдөө бол 8 сая ам.долларын асуудал Арбитрын шүүх дээр үлдсэн юм билээ. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид аваад БНХАУ-д 2 тэрбум ам.долларын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-О.Баасанхүү гишүүний хувийн бодол.
-Шинэ Засгийн газар, УИХ яагаад “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэхгүй байна вэ?
- Шилэн дансны хууль хэрэгжих ёстой. Хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт асуулга хүргүүлсэн. Хаврын чуулганаар Засгийн газар мэдээлэл хийх байх.
-Төрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Хариуцлага тооцох уу?
-Шахааны бизнесээр хэрэггүй, ашиггүй зүйл худалдаж авдаг асуудал бий. Үүнийг болих хэрэгтэй. Хариуцлага тооцох нь гарцаагүй.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал