Монгол Улс, ОУВС-гийн “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭСангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэрээ Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Сангийн яам, Монголбанк нь ОУВС-тай хөтөлбөрт хамрах хэлэлцээрийг энэ сарын 1-19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулж, эцсийн дүнд уг сангийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэх юм. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ үеэр онцоллоо.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс орнуудад зориулагдсан хөтөлбөр бөгөөд цаашлаад урт хугацаанд өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 3 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авах юм.
Энэхүү хэлэлцээ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо юм. Дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсных болох аж. ОУВС-гийн тус хөтөлбөрийг Монгол Улс хамтран хэрэгжүүлснээр ямар тохиргоог улс орны түвшинд хийх ёстойг удахгүй эргэж мэдээлнэ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал