Цагдаагийнхан үндэсний соёлоо сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-20 18:10:50
Yesukheitumur Tumurbaatar

Төв/МОНЦАМЭ/. “Алтан унжлагад” гал тахиа жилийн сар шинийн баярыг угтаж Төв аймаг дахь цагдаагийн газраас үндэсний соёл, ёс заншлыг сурталчлах дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол өдөрлөг”-ийг энэ сарын 17-нд  Төв аймгийн спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд Шагай шүүрэх, Сээр хугалах, 32 цагаан лонх тоолох, үндэсний дээл хувцсаар сайхан хувцасласан эрэгтэй, эмэгтэй алба хаагчдыг шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан байна.

Шагай шүүрэх тэмцээнд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Алтантөгс, Сээр хугалах тэмцээнд эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Ганзориг, 32 цагаан лонх тоолох тэмцээнд цагдаа-зохицуулагч, цагдаагийн Г.Анхбаяр нар амжилттай оролцож төрөл бүр тэргүүн байр эзэлсэн. Түүнчлэн Монголын үндэсний бөхийн барилдаанд тус цагдаагийн газраас 64 бөх зодоглон барилдаж цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н. Адъяаболд түрүүлж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бадамжунай үзүүрлэлээ. Мөн сайхан хувцасласан эрэгтэй алба хаагчаар мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Үлэмжбаяр тодорсон бол эмэгтэй алба хаагчаар Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа нар шалгарав.

Өдөр шөнийн алинд ч  ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөсөн албан хаагчдын хувьд сар шинийн аз хийморио сэргээн алжаалаа тайлж байгаа онцлог наадам болж байгааг Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Ганзориг ярьсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ