Цэцэг өвчний улмаас 90-ээд сая төгрөгийн зардал гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-22 09:27:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн онцгой байдлын газар өнгөрсөн оны 11-р сараас эхлэн дэгдсэн бог малын цэцэг өвчний эсрэг арга хэмжээнд 90 орчим сая төгрөгийн зардал гаргасан тухай мэдээллээ.

Энэ нь малын цэцэг өвчний эсрэг вакцин хийх, ариутгал, хадлваргүйжүүлэх, өвчтэй малыг устгах зэрэг шууд арга хэмжээний зардал аж. Өвлийн улиралд гамшгийн эсрэг ажил зохион байгуулсан болохоор түлээ түлшнээс эхлээд нэмэгдэл зардал нэлээд гарсан гэнэ. Одоогоор бог малын цэцэг өвчин гарсан Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант суманд хорио цээрийн дэглэмийг цуцлаад байна.

Бог малын цэцэг өвчний эсрэг арга хэмжээнд малчид  нэгдэж хандивын хөдөлгөөн өрнүүлсэн байна.

-Манай суманд бог малын цэцэг өвчний улмаас 425 толгой хонь устгасан. Одоогоор хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Энэ өвчний эсрэг малчид сайн санааны тусламж үзүүллээ. Манай сумын малчид нийтдээ 13,0 сая төгрөгийн хөрөнгийг бог малын цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд хандивласан нь бидний ажилд ихээхэн дэмжлэг боллоо гэж Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярьлаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ