Монголчуудын модоор урлахуйн гайхамшгийг харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-22 13:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын уламжлалт сар шинийн баярт зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс сан хөмрөгтөө хадгалж буй 3000 орчим модон эдлэлийн үзмэрээс дээжлэн урчуудын ур, ухаан шингэж бүтсэн 100 гаруй бүтээлийг дэлгэлээ.

“Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэнд XVII-XX зууны эхэн үе хүртэлх Монголчуудын модоор урлах уламжлалт аргаар бүтээсэн гэр ахуйн эдлэл хэрэглэл, адуу малын тоног хэрэгсэл, шашин соёлын холбогдолтой тоглоом наадгай зэрэг төрөл багтжээ. Тухайлбал, Майдар эргэх ёслолын тэрэг, хурган гэр, манжийн үед холбогдох эмээлийн мод, бургас модыг матаж хийсэн цаатан дөрөө үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байв.

XVII зууны үеийн хус мод, алтан шармал эмээлийн модны урд бүүрэгт гурван луу урласан бөгөөд голын лууны зулайд арвай хээ хэмээх Өндөр Гэгээний сүргийн тамгыг дүрсэлсэн өвөрмөц бүтээл юм.

 

Энэхүү хурган гэрийг 1984 онд Хөвсгөл аймгийн Ар булаг сумын Хотгойдын Д.Наваанчүлтэм хэмээх иргэнээс нэрт угсаатан судлаач С.Бадамхатан, музейн сан хөмрөгийн эрхлэгч М.Хайдав нар худалдан авч тус музейн сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй аж. Монгол гэрийг угсаатны онцлогоос хамаарч монгол гэр, түрэг гэр гэж ангилахын зэрэгцээ гэрийн хэмжээнээс хамаарч морин, хонин, хурган хэмээн нэрлэдэг. Хурган гэр гэдэг нь хурганы толгой багтахааргүй жижиг нүдэн ханатай гэрийг хэлдэг байна. Уг гэрийг Д.Наваанчүлтэм 1934 онд өөрийн гараар урлан хэрэглэж байжээ. Энэхүү гэр нь 6 хана, 72 уньтай, гэрийн мод нь бүрэн хээ чимэглэлтэй бөгөөд нэн ховордсон үзмэрт зүй ёсоор тооцогдож байгаа юм.

Мөн Нидерландын Урлагийн их сургуулийн оюутнууд 2000 онд Майдар эргэх ёслолын тэргийг сэргээн урлаж тус музейд бэлэглэсэн байна. Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

Тухайн цаг үеийн түүхэн онцлогоос шалтгаалан хадаасгүй, углуургын аргаар модоор бүтээл хийдэг байсан. Ямар ч залгаасгүй, цул модыг ухаж аван, гурван давхар оньсоор хөдөлгөөнтэй буцааж хурааж, эвхэх боломжтой модон дэр хүртэл бий хэмээн Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цэрэнбямба сонирхуулсан юм.

Энэ үеэр музейд хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээс Монголын музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засварлагч мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаач нарын санал бодол тусгасан зөвлөмж боловсруулан музейн үйл ажиллагаанд тусгаж, модон эдлэлийн хадгалалт аюулгүй байдлыг хангах, бодит ажил болгох юм.

Тус үзэсгэлэн сарын турш олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ