Анхдагч тариаланчиддаа хүндэтгэл үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-22 20:47:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагууд санаачлан “Атрын 1, 2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчиддаа хүндэтгэл үзүүлжээ.

Тус үйл ажиллагаанд атрын анхны шанг татаж, газар хагалж, тариалангийн салбарт залуу насаа зориулсан, ажилсаг, хөдөлмөрч алдрыг ард түмэндээ авчирсан ахмад тариаланчид, тэдгээрийн залгамж халаа болж өдгөө сумандаа газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдлагууд оролцсон байна. Хүндэтгэлийн уулзалтын үеэр тус сумын Хөдөө аж ахуйн тасгаас Мандал сумын газар тариалангийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, “Зүүнхараа” САА-н талаар баримтат кино үзүүлжээ. Энэ үеэр ахмад тариаланчдын дунд халуун дотно яриа өрнөж, атрын шан татаж явсан дурсамжаа хөглөж, сэтгэл хангалуун байсан байна. Түүнчлэн уулзалтын хүрээнд салбарын шагнал болон гарын бэлгийг гардуулах ёслол болжээ.

1959 онд Монгол орон даяар атар газар эзэмших хөдөлгөөн анх өрнөж, энэ үед 500 га газрыг хагалан тариа тарьж байсны 50 хувь нь буюу 180-аад га талбайн шанг Сэлэнгэчүүд татаж байжээ. Атрын анхдугаар аянд оролцож явсан олон тариаланчдаас Монгол Улсын хөдөлмөрийн баатрын болзлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тракторч Д.Бямбацогт хангаж, газар тариалангийн түүхэнд анхны баатар төрж байсан байна. Дараа нь 1976 онд атрын 2-р аян өрнөж, Сэлэнгэ аймагт шинээр олон САА-нууд байгуулагдсан байна. Энэ үед 100 гаруй мянган га талбайд тариа тарьж, арвин ургац хурааж байсны 300 гаруй га талбайн ургацын амжилт Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой аж.   

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ