Төрсөн өдрөөрөө төрийн эрхэм хүндтэй цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Тэс сумын 1-р багийн малчин Нинжийн Цогтоо энэ сарын 21-нд буюу төрсөн өдрөөрөө "Монгол Улсын Аварга Малчин" хэмээх эрхэм цол хүртлээ.
Тэрбээр 1994 оноос хойш бие даан мал маллаж, нутгийн тэргүүний малчдын арга туршлагаас суралцан хөдөлмөрлөсний үр шимээр сумын тэргүүний малчдын эгнээнд багтжээ. Мөн “Бага нуурын хоолой” мал эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээтэй ажиллан эрүүл сүрэгтэй болж, мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ сум, багийнхаа малгүй буюу мал цөөнтэй иргэдийг малжуулах, төсвийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд санаачлага гарган ажиллаж ирсэн байна. Малчин Н.Цогтоо нь малынхаа үүлдэр угсаа, чанар чансааг эрчимжүүлэн сайжруулахад ихээхэн анхаарч нутгийн шилмэл тэмээ, үхэр, Тэс хэвшлийн адуу, баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаагаар цөм сүргийг бүрдүүлж чадсанаас гадна нутгийн болон өөрийн адуун сүргийн угшлыг сайжруулах зорилгоор Галшар удмын азарга, гүү захиалан авч үржилд ашиглаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд 2032-2320 мал тоолуулж, бодод шилжүүлснээр 638 толгойд хүргэж, төлөө бүрэн бойжуулан малаа 3 жил дарааллан төлөөр нь өсгөж, сүрэгт хээлтэгч малын эзлэх хувийн жинг бодод 44 хувь, богт 53 хувьд хүргэж, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрэн хангасан, малын болон бусад татварыг цаг хугацаанд нь төлж, жил бүр өөрийн хүчээр 38- 43 тн өвс тэжээл бэлтгэдэг зэрэг амжилтаар Улсын аварга малчны болзол хангажээ.
Малчин Н.Цогтоо болон түүний гэргий Г.Сүрэн нарт Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Э.Баатарсан нар гардуулан өглөө.
Б.Батхүү