Цагдаагийн  хэлтэс хүлээлгийн тохилог өрөөтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-23 17:16:29

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар орчин үеийн жишигт нийцсэн иргэдэд зориулсан хүлээлгийн өрөөг тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус хүлээлгийн өрөөний нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга К.Нямдаваа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д. Пүрэвдаваа, Дүүргийн Цагдаагийн  хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням болон иргэд оролцлоо. Тус Цагдаагийн хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны гарын авлага, эрх зүйн мэдлэг олгох зурагт хуудас, ном сэтгүүл унших боломжтой болов. Мөн тус хүлээлгийн өрөөнд гар утасны цэнэглэгч хайрцаг, бичгийн хэрэгсэл, ширээ, сандал зэргийг байрлуулжээ.  Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 65 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус хэлтэс  иргэдэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсний нэг нь энэ юм байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ