Увсаас “Алтан төлийн эзэн” төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн малчин Д.Дамдинсүрэн МҮОНРадиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан байна.
Малчин Д.Дамдинсүрэн нь энэ жил аймагтаа хамгийн олон буюу 300 гаруй тэмээ тоолуулжээ. Тэрбээр буянт мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, хүмүүнлэгийн болон олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцож, мал багатай өрхийг малжуулах, залуу малчдыг мал маллах уламжлалт арга ухаанд сургах, ажил хөдөлмөрт уриалан дуудах зэрэгт өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй дайчлан ажиллаж ирсэн Увс аймгийн хашир туршлагатай малчдын нэг аж. Түүнд “Алтан төлийн эзэн”-ий шагнал болох ботгоны дүрстэй цом болон аймгийн шагналыг ИТХ-ын дарга Э.Насанбат гардуулан өглөө.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга тус сумын Хяргас нуур багийн малчин Д.Баяртайд “Аймгийн аварга малчин” цол тэмдгийг мөн гардуулан өгсөн байна.
Б.Батхүү