Цэцэрлэгийн багачууд аяганд хийсэн усаар шүдээ угаадаг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-02-24 15:57:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бамбаруушийн зурагтай аяганд хийсэн усаар шүдээ угааж байгаа цэцэрлэгийн багачуудыг, томчууд хараад усаа гамнах сэтгэл, дадалтай болсон балчир үрсийн энэ зөв үйлдэлд өөрийн эрхгүй л бахархах сэтгэл төрөх нь лавтай.

Тэд бол СБД-ийн 135, ЧД-ийн 224, ХУД-ийн 189 дүгээр цэцэрлэгийн 4-5 настай багачууд юм. Энэ бол “Усны зохистой хэрэглээ, эрүүл ахуй” сэдвийн хүрээнд оюутны багийн хэрэгжүүлсэн ажлын үр дүн билээ. Тэд энэ хэрэгжүүлсэн ажлаараа “Усны залуу мэргэжилтнүүд” хөтөлбөрийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм. Тус багийн ахлагч МУИС-ийн экологийн III дамжааны оюутан Нямзавтай уулзсан юм.

-Танай баг маш зөв санааг сонгожээ. Яагаад багачуудыг сонгов?

-Манай баг энэ сэдвийн хүрээнд цэцэрлэгийн ахлах насны хүүхдүүдийг сонгож авсан. Тэд хорвоотой дөнгөж танилцаж, төлөвшиж эхэлж байгаа үе гэдэг утгаар нь бид, багачуудыг зорилтот бүлгээр сонгосон. Ингээд энэ насныханд ямар байдлаар дадал эзэмшүүлбэл хамгийн ойр байх бол гэдгийг бид ярилцаад гол дүрээр бамбаруушыг сонгож, “Бамбаалай” гэж нэр өгсөн. Түүнийгээ өөрсдөө зураад, Бамбаалайнхаа тухай зохиол бичиж, богино хэмжээний /3 мин 31 секунд/ видео кино бүтээж, бас жижиг ном хийсэн. Мөн Бамбаалайн зураг /Лого/-тай аяганд багачуудын шүдийг нь угаалгаж хэвшүүлсэн. Хүүхдүүд энэ бүхнийг их ойрхон хүлээн авч, усны талаар өөрийн гэсэн ойлголттой болж, зөв дадал эзэмшиж байсан нь бидэнд үнэхээр гоё санагдсан.

-Та нар “Усны залуу мэргэжилтнүүд” хөтөлбөрийн хүрээнд их зүйл сурчээ. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?

-Манай багийн 6 охины нэг нь ШУТИС-д, бусад нь МУИС-ийн оюутнууд. Бид усны талаар энэ хугацаанд маш өргөн хүрээнд мэдээлэл, мэдлэгтэй болсон. Миний хувьд мэргэжлээрээ улам сайн суралцаж усны салбарын шилдэг мэргэжилтэн болно гэж шийдсэн.

Энэ оюутны сэтгэгдлээс дүгнэхэд, “Усны залуу мэргэжилтнүүд” хөтөлбөрт оролцохоор Монгол Улсын их дээд сургуулийн 200 гаруй оюутан өргөдөл гаргаснаас 25 оюутанг сонгон шалгаруулж 4 сарын турш манай улсын шилдэг усны мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж, мэдлэгийг нь зузаатган өргөжүүлсэн нь чухал ач холбогдолтой болжээ. 

Уг хөтөлбөрт оролцсон оюутнуудыг 4 баг болгож, тодорхой сэдэв өгч даалгавар гүйцэтгүүлж шалгаруулсан бөгөөд багууд маш санаачлагатай, идэвхтэй оролцсон байна. “Ус, ариун цэвэр эрүүл ахуйн дэвшлийн төв” байгууллага нь энэхүү  “Усны залуу мэргэжилтнүүд” хөтөлбөр”-ийг  санаачлан Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа юм.

Тус байгууллага нь төвлөрсөн шугам сүлжээнд   холбогдоогүй орон нутгийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн   нөхцлийг сайжруулахад бүх талын оролцоог нэмэгдүүлж, ул суурьтай судалгаа, оновчтой  мэдлэг мэдээлэл, бодит шийдлүүдийг хүргэж иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, хүрээлэн буй орчны нөхцлийг сайжруулахад хувь нэмрээ   оруулах зорилготой мэргэжлийн байгууллага юм. 

“Усны залуу мэргэжилтнүүд” хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн Зорилт 6 буюу баталгаат ундны ус ба ариун цэврийн байгууламжаар хангахад залуу мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Энэ удаагийн хөтөлбөрт, усны нөөц экологи, гидрологи, усны барилга байгууламж, байгаль орчин хамгаалал зэрэг  чиглэлээр МУИС, ШУТИС, ХААИС-ийн 25 оюутан 2016 оны 10 сараас эхлэн 4 сарын турш усны чиглэлийн мэргэжлээ чадавхижуулсан юм. Тэд “Усны зохистой хэрэглээ, эрүүл ахуйн сургалт”, “Цэцэрлэгийн   крантанд   дулааны   тохируулгатай, ус хэмнэлтийн төхөөрөмж суурилуулах”, “Гэр хорооллолын өрхийн усны нөхцөл  байдлыг сайжруулах”, “Гэр хороолол ба орон сууцны хэрэглэгдийн ундны усны чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан байдал ба сургалт сурталчилгаа” гэсэн 4 төслийн хүрээнд даалгавар гүйцэтгэж уралдсан нь залууст маш их урам зориг өгсөн байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Усны залуу мэргэжилтнүүдийн чуулга - 2017” уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь амжилттай болж 150 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулганы үеэр Усны салбарт баримтлах бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний тулгамдаж буй асуудал, Усны салбар дахь ногоон хөгжлийн асуудлын талаар илтгэл тавьж, дээрх уралдаанд шалгарсан оюутны багуудад мөнгөн шагнал гардуулсан юм.

Дашрамд дуулгахад, “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” /WaSH Action of Mongolia/ нь 2008 оноос хойш Улаанбаатарын гэр хороололд ус, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах чиглэлээр ажилласан Францын Эй Си Эф /АCF/ ОУБ-ын үйл ажиллааг залгамжлагч байгууллага юм. Тэд АCF ОУБ-д байхдаа иргэдийн аюулгүй усан хангамж, орчны ариун цэврийн байгууламжийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд 2 үе шаттай төслийг 2008-2015 онд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлж тэнд ажиллаж байсан 12 монгол мэргэжилтэн “WaSH Action of Mongolia”  ТББ-ыг  2014 онд байгуулж  хүрээлэн буй орчин, усны тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ