Ж.Батжаргал: Хамтдаа аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-28 17:25:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд, Төв сайхан нутгийн иргэд олон түмний амар мэндийг айлтган мэндчилэхийн ялдамд ирж буй гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй “Муу нүүрт” хэмээх Гал бичин жил Төв аймгийн ард олны хувьд амжилт бүтээл арвин сайхан жил болж өнгөрлөө. Мал сүрэг таван төрөл дээр өсөж 4.7 сая тоологдов.

Мөн газар тариалангийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 2.5-аар өссөн бол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 14.3-аар өслөө. Түүнчлэн нийгмийн салбаруудын ажил үйлчилгээ иргэд олон түмэнд хүрсэн. Нутгийн удирдлагын байгууллагуудын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж ахисан сайхан жил болж өнгөрлөө.

Ирж буй “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жил Төв аймагт ивээл буянаа хайрлаж өнгөрсөн оныхоо хүрсэн ажлын амжилтын төвшинг ахиулна гэдэгт итгэж байна.

Хамтдаа аймаг орон нутгийн хөгжлийг хангаж, иргэн бүр ажилтай-орлоготой байж, байгаль дэлхий бид бүхэнд ач буянаа өгч ган зудгүй, тариа ногоо арвин сайхан ургаж, мал сүрэг өссөн арвижиж, хүн ардын сэтгэл тэнүүн ажил үйлс бүтэмжтэй, ажил бүтээл арвин байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ирж буй “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилдээ ах дүү, нутаг нугаараа САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ гэжээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ