Л.Пүрэвсүрэн: Өндөр үнэтэй машин орж ирсэн гэдэг бол ташаа мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-20 18:16:21

“Гадаад хэргийн яамны мэдээллийн цаг” уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, ойрын хугацаанд болсон гадаад харилцааны чиглэлийн голлох асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Тэрбээр уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын 70 дугаар чуулганд оролцсон үйл явдлыг онцлоод, “Өнгөрсөн сарын 25-27-ны өдөр болсон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад 144 орны дэлхийн төр засгийн тэргүүн оролцсон нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн том чуулган болсон. Энэ чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсны дотор Монгол Улсын оролцоо байсан” гэдгийг тэмдэглэв. Мөн салбарын сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд оролцох үеэрээ Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалтыг зохион байгуулсан явдлыг нэрлэж байлаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаук манай улсад төрийн айлчлал хийж, үүний үр дүнд археологийн салбарын хамтын ажиллагааг Германы талаас дэмжихээ илэрхийлсэн. Үүний зэрэгцээ анх удаа эдийн засгийн салбарт, тэр дундаа Монгол Улсын “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ дурдлаа.

Тэрбээр ирэх жил Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд цацагдаж буй мэдээлэлд хариу өгсөн юм. Тухайлбал, “АСЕМ-ын уулзалтад зориулж өндөр үнээр авсан машинууд гааль дээр ирсэн” гэсэн мэдээлэлд, “Төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төрийн шугамаар цөөн тооны машин захиалж байгаа. Төрийн тэргүүнүүдийн айлчлалд тодорхой хэмжээний шаардлага тавьдаг. АНУ, ОХУ гэх мэт орны Ерөнхийлөгчид гадаадад айлчлахдаа өөрсдийн машиныг авч явдаг. Бусад төрийн тэргүүнүүд машинаа ачиж явдаггүй. Харин аюулгүй байдлаа хамгаалах үүднээс хуягласан машин хөлөглөх шаардлага тавьдаг учир энэ үүднээс төрийн үйлчилгээнд хуягласан машины захиалга хийхээр ярьж байгаа. Бусад машиныг төр захиалахгүй. Хувийн хэвшлийнхэнтэй тохиролцож захиална. Хувийн компаниуд өөрсдийн шугамаар машин захиалаад, төрөөс гаалийн татварыг нь чөлөөлснөөр АСЕМ-ын хурлын хэд хоног хэрэглэх гэх мэт зохицуулалтыг ярьж байгаа. Өндөр үнэтэй машин орж ирсэн гэдэг бол ташаа мэдээлэл.

АСЕМ бол Монголчууд бидэнд өөрсдийгөө таниулах хамгийн том боломж учир сайн бэлдэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд АСЕМ-ыг зохион байгуулах Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулан, аль болох бага зардлаар оновчтой зохион байгуулалт хийх зорилт тавьж байна. Гадныхан ч гэсэн АСЕМ-д тодорхой хэмжээний туслалцаа үзүүлж байгаа. Тухайлбал, Европын холбоо гэхэд АСЕМ-ын үеэр ажиллах англи хэлний орчуулагчдыг бэлтгэхэд тусалж байна. Бусад хэлний орчуулагчдыг ч гэсэн ийм байдлаар бэлтгэх чиглэлтэй ажиллаж байна” гэлээ.

Л.Пүрэвсүрэн сайд хэвлэлийн бага хурлын үеэр гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн олон улсын хэмжээнд зарласан “Төвийг сахисан бодлого баримтална” гэснийг тайлбарлахдаа, "Энэ бол ямар нэг шинэ зүйл биш. Монгол Улс 1990 онд социализмаас ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Үндсэн хууль болон улсынхаа гадаад бодлогод Монгол Улс нь олон тулгууртай, нээлттэй, энх тайванч гадаад бодлого явуулна гэсэн байдаг. Цэргийн эвсэлд нэгдэхгүй, нутаг дэвсгэрээ цэргийн зориулалтаар ашиглуулахгүй гэсэн. Монгол Улс үүнээс ч өмнө ажил хэрэгчээр төвийг сахисан бодлого явуулж ирсэн. 1960-аад онд Эсвэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэж байсан бол 1911 онд ч гэсэн Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой гэж байсан нь төвийг сахисан бодлого байсаар ирсний жишээ. Бид төвийг сахих бодлого ийн явуулж иржээ. Үүнийг хуульчилж байгаа хэрэг. Гадаад бодлого, үүн дотроо хоёр хөрштэй тогтоосон гадаад бодлогод ямар нэг өөрчлөлт гарахгүй. Гурав хөршийн харилцаанд ч өөрчлөлт гарахгүй” гэлээ.

Салбар сайд энэ үеэр ирэх 11 дүгээр сарын 5-6-нд Люксенбург хотноо болох Сайд нарын хурлаар АСЕМ-ыг зохион байгуулах эрхээ албан ёсоор гардаж авна гэдгээ мэдэгдэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ