Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-20 18:27:13

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн барив.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог бөгөөд аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр манай улс анхааран ажиллаж байгаа болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Монгол Улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээг Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Куба зэрэг 7 улстай байгуулсан. Мөн Ялтан шилжүүлэх тухай 1978 оны Берлиний конвенцид нэгдэн орсон  бөгөөд тус конвенц нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсны тоонд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Ирланд Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Япон зэрэг улсууд багтдаг байна. Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орсноор гишүүн улсуудтай эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ