Хөгшрөлтийг удаашруулдаг молекул байдгийг олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-03-06 16:26:22

РОМ. /ТАСС/. Италийн Хавдар судлалын сангийн (IFOM) харьяа Миланы Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хөгшрөх үйл явцыг удаашруулдаг молекул хүний биед байдгийг илрүүлсэн байна. Тэдний хийсэн судалгааны дүн “Nature Communications” сэтгүүлийн сүүлчийн дугаарт нийтлэгджээ.

Нийтлэлд дурдсанаар, бие организмыг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг теломер буюу хромосомын төгсгөл хэсэг устсаны улмаас явагддаг эсийн хөгшрөлтийн үйл явцыг уг молекул зогсоодог аж.

Фабрицио д'Адда ди Фаганьей-гаар ахлуулсан эрдэмтдийн багийн тайлбарласнаар, тэдний илрүүлсэн молекул нь теломерийн хүлээж авдаг “хөгшрөх дохио”-г зогсоодог бөгөөд үүний дүнд эсийн өөрийгөө шинэчлэх, нөхөн үржих үйл явц  хэвийн явагддаг байна.

Эрдэмтэд энэхүү таамаглалаа хүн болон хулганы эсэнд туршилт хийж шалгасан байна. д'Адда ди Фаганьей ярихдаа “энэхүү нээлт нь хүн төрөлхтнийг хөгшрөлтөөс аврахгүй хэдий ч теломерийн хэвийн бус байдалтай холбоотой өвчин эмгэгүүдтэй үр дүнтэй тэмцэхэд тус дөхөм болно. Үүнд, элэгний цирроз, уушгины фиброз, чихрийн шижин, нүдний болор цайх, ясны сийрэгжилт, артрит болон прогерия буюу цагаасаа эрт хөгшрөх зэрэг өвчнүүд орно” гэлээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ