Монголын Эмэгтэйчүүд эрхээ хамгаалах өдрийг 62 дахь жилдээ тэмдэглэж байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-03-07 15:44:52

Монгол улсад эмэгтэйчүүдийн баярыг Ардын Их Хурал (АИХ)-ын тэгүүлэгчдийн 1955 оны 137 дугаар зарлигаар  анх  тэмдэглэж ирснээс хойш энэ жил 62  дахь жилдээ золгож байна.

Харин  дэлхий нийтэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тогтмол тэмдэглэх болсоор 118  жил болж байгаа аж.

БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ.

Тус зарлигт Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын  7-ны өдөр гээд  Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр  3 дугаар сарын 8-ны өддрийг жил бүр  тэмдэглэж байхаар дурдсан байдаг. 

Энэ үеэс эхлэн Монгол улсад өнөөдрийг хүртэл Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж иржээ. 

 Харин  1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг хүүхдийн баярын өдөртэй нэгтгэн “Эх үрс”-ийн баяр болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар "Олон улсын эмгэтэйчүүдийн баяр"  тэмдэглэлт өдрөөс  хасагдсан байв. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль 2003 онд дахин батлагдахад тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэнгийн санаачлагаар "Эх үрс"-ийн баярыг хооронд нь салгаж Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг бүх нийтээр  тэмдэглэх өдөр болгон сэргээсэн түүхтэй.

Дэлхий нийтэд  тухайлбал  АНУ-д 19 дугаар зуунд үйлдвэрчний эвлэл байгуулагдан  хүчээ авч эхлэхэд, үйлдвэрийн эмэгтэй ажилчид ажлын 16 цагийг 10 болгох, ажиллах орчныг сайжруулах шаардлага тавин  1857 оны 3-р сарын 8-нд жагсаал хийжээ.  Энхүү өргөн хүрээтэй жагсаалын дараа  тухайн үед эмэгтэйчүүд ҮЭ-ийг шинээр байгуулж олноороо гишүүнээр элссэн байдаг. 

Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрээр1909 оны 2 дугаар сарын 28-нд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойш Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг 1910 онд Копенгаген хотноо болсон хоёрдугаар  Социалист Интернационалын хурлын  өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас шийдвэрлэжээ.

Манай хойд хөрш ОХУ-д эмэгтэйчүүд “Талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 1917 оны хоёрдугаар  сарын сүүлийн ням гаригийг сонгон зохион байгуулсан аж . Энэ өдөр нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын хоёрдугаар  сарын 23-ны өдөр буюу дэлхий нийтийн Грегорийн  тооллын буюу 3 дугаар сарын 8-ны өдөр байв.  ОХУ-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсэнээс улбаатай  Монголчууд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын-8"-ыг тэмдэглэх болсон хэмээн зарим судлаачид тайлбарласан байдаг. 

Г.Эрдэнэбат

Холбоотой мэдээ