Завханд “Цэвэр хот” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-09 15:02:01

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай хот “Цэвэр хот-Улиастай” аяныг дөрөвдүгээр сарын нэгнээс эхлүүлэх гэж байна.

Аяны хүрээнд Улиастай хотын нэрэмжит аймгийн удирдлагуудын ээлжит хурал тэмдэглэлт өдрүүдийн олон хоногийн амралтыг өнгөрөөж өнөөдөр боллоо. Энэ үеэр аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УСЗДТГ-аас өглөө. Аяны хүрээнд Улиастай хотын албан байгууллага иргэн бүр долоо хоног бүр их цэвэрлэгээг хийх, өөрсдийн суурьшлын бүс орчмыг цэвэр цэмцгэр байлгах, нийтийн эзэмшлийн болон албан байгууллага бүр хогийн савны тоог олшруулахаар болжээ. Мөн бүх албан байгууллага, айл өрхүүд гаднах тохижилт, өнгө үзэмжиндээ онцгой анхаарч, ногоон байгууламж бий болгох юм. Гаднах өнгө үзэмжээ сайжруулаагүй албан байгууллагын дарга нарт аймгийн Засаг дарга хариуцлага тооцох ажээ.   

Энэ жил Улиастайд дөрвөн хөтөлбөр хэрэгжинэ

Ээлжит хурлын үеэр Улиастай хотын захирагч Б.Эрдэнэбаатар сумын хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал  Улиастайд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний ээлжинд 120 орчим хашааг иргэдийн оролцоотой шинэчилж өнгө үзэмжийг сайжруулахаар болсноо дуулгав. Мөн Богдын гол багт 45 айлын хаус хороолол барих, ”Цэвэр хот-Улиастай” аяныг зохион байгуулах, “Цахим Улиастай”, “Унадаг дугуйтай Улиастай” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  Мөн аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу сар шинийн баярын өдрүүдийн хэв журмын нөхцөл байдлын тухай товч мэдээлэл хийлээ. Баярын өдрүүдээр иргэдээс хүлээн авсан гомдол мэдээлэл өмнөх онтой харьцуулахад энэ жил 30 хувиар буурчээ. Хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй, олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагааг нутгийн захиргааны байгууллагын зүгээс дэмжиж ажиллаж аймгийн хэмжээнд 142 аж ахуйн нэгжид хариуцлагатай эргүүл жижүүр үүрэг гүйцэтгэжээ.

Өрхийн амьжиргааны судалгаанд идэвхтэй оролцохыг уриалав

Түүнчлэн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн товч мэдээлэл өглөө.

Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 159 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч, яаралтай тусламжийн тасгаар 23 хүн үйлчлүүлжээ.  Нийтийг  хамарсан ноцтой тохиолдол, бэртэл, гэмтэл, хордлогууд гараагүй байна.  Мөн  аймгийн ХХҮГ-ын дарга М.Гүрсэд  БНСУ руу ажиллах хүч гаргах, орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны бэлтгэл ажлуудыг тус тус ханган ажиллаж байгааг дуулгав. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд Завхан аймгийн хэмжээнд 13.609 өрх хамрагдах бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санг бусад бүх мэдээллийн санд холбодог учраас иргэд худал мэдээлэл өгөхгүй, судалгааг идэвхитэй  өгөхийг уриаллаа.  Өмнөх судалгаануудаас харахад иргэд худал мэдээлэл өгөх, давхардах зөрчлүүд их гаргадаг байсныг анхаарууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ