Гоо сайхны ертөнц дэх монгол шошго “Гоо” брэнд

МОНГОЛ БРЭНД
montastudio@montsame.gov.mn
2017-03-09 17:40:37

Гоозүйн судлагдахууны хамгийн гол асуулт нь сайхны тухай ойлголт байдаг. Бүхий л цаг үеийн туршид агуу сэтгэгчид, эрдэмтэд, зохион бүтээгчид энэ асуултын хариуг хайсаар ирсэн юм. Өдөр тутмынхаа амьдралд бид гоё сайхан гэдгийг өөрсөддөө таалагддаг, түүгээр ч барахгүй өмчлөхийг хүсдэг зүйлээрээ ойлгож нэрлэсээр ирсэн. Зуун зууны туршид гоё хувцас, сайхан нүүр царай, брэнд бүтээгдэхүүнүүд гоо сайхны илэрхийлэл болж байсан бол 21-р зуунд эрүүл бие, саруул ухаан гэгч хоёр томоохон категори энэхүү ойлголтыг тэр чигт нь төлөөлөх болов.

Румыний гэрэл зурагчин Михаэл Норок эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг олохын тулд хоёр жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээр явж, эрэл хайгуул хийжээ. Михаэл гоо сайхны тухай тодорхой онол гаргахыг хүсээгүй юм. Харин түүний авсан гэрэл зургууд хүн төрөлхтөнд гоо сайхны тухай дүгнэлт хийхэд тусална гэж найджээ. Үнэхээр ч түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй юм. Азийн нүүдэлчин Монгол, цаст Төвдийн улаан хацарт чийрэг бүсгүйчүүдийн нар салхи үнэртсэн байгаллаг фотог  үзсэн бүхэн дуу алдан таалж Михаэл Норокт эмэгтэй хүний жинхэнэ гоо сайхныг баталж өгсөн билээ.

Тэгвэл төв Азийн өндөрлөгийн бүсгүйчүүд хүн төрөлхтөний нүдийг хужирлах амьд гоо сайхнаа хаанаас олж авдаг вэ? Тэд химийн хольцгүй байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдгээс гоо сайхнаа тийнхүү хадгалж, нийгмийн стрессгүй эрүүл нүдээр ертөнцийг хардгаас сэтгэлзүйн хувьд  тунгалаг, хүүхэд лугаа гэнэн итгэмтгий байдаг гэсэн ерөнхий дүгнэлт гарна. Байгалийн цэцэг таримал ургамал хоёрын тухай харьцуулалт чухам үүнээс үүдэлтэй. Энэ бүхнийг сэрж мэдэрсэн 20 гаруйхан настай монгол охин хотожсон нийгмийн эмэгтэйчүүдэд зориулсан амьд аминдэм бүхий гоо сайхны бүтээгдэхүүний монгол брэндийг үүсгэн бий болгосныг арлын Япон, холын Америкчууд таашаан хэрэглэж эхэлжээ. Энэ бол “Бурханлиг гоо сайхан” компаний “Гоо”монгол  брэнд.
“Гоо” брэнд 35 нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах  зээлд нийлүүлж байна. Монгол Улсдаа анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдтэй болсон тус компаний салбарууд үйлчлүүлэгчдийн хөлд хэдийнэ дарагдаж эхэлсний зэрэгцээ Япон, Хятад улсад ч нэрийн дэлгүүрүүдээ нээж амжжээ. Эмчилгээний чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгдэн танигдсан Монгол үндэстний брэнд түүхий эд болох хонины сүүл, чацаргана жимс, жамц давс, халгай, ганга өвс тэргүүтнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг “Гоо” брэнд жинхэнэ натурал гэдгээрээ орчин үеийн гоо сайхны бусад брэндээс эрс ялгардаг бөгөөд тэд бүтээгдэхүүндээ хадгалалтыг уртасгах химийн бодис хольдоггүй, өдөр бүхэн шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьдаг аж. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Органик бүтээгдэхүүний гэрчилгээ тэдний гол нэрийн хуудас юм. Япон, Хятад, Солонгосын тоног төхөөрөмжтэй тус үйлдвэр бусад дагалдах түүхий эдээ Америкаас импортолдог гэнэ.

"Бурханлиг гоо сайхан" компаний хамт олон Монголын гоо сайхны ертөнцөд үнэхээр хувьсгал болохуйц анхдагч бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж чаджээ. 

  • Язралтын эсрэг биеийн гуужуулагч
  • Целлюлитын эсрэг биеийн гуужуулагч
  • Целлюлит шатааж, ядаргаа тайлах 10 төрлийн ванны бөмбөлөг
  • Чацарганатай сүүн шингэн
  • Чацарганатай нүүрний утлага
  • Чацарганатай шингэн саван
  • Хонины сүүлтэй биеийн тос
  • Хонины сүүлтэй 4 төрлийн Хонько саван
  • Шавар маск
  • Үсний тоник
  • Нүүрний тоник
гэх мэт 20 гаруй төрлийн органик бүтээгдэхүүнийг эртнээс уламжлагдан, хэрэглэж  ирсэн түүхий эдээр зөвхөн монголчууддаа зориулж, гар аргаар үйдвэрлэж  байна. Мөн хуурай болон эмзэг арьсанд зориулсан давхирхайн дусаалга, давирхайтай тос, уруулын тэжээл, чацаргана кофетэй гар нүүрний скраб, чацарганатай маск, нимбэг коллагентэй зөгийн балан түрхлэг, хөлний сүүн дүрлэг, сүү сарнайтай ванны тансаг жамц давс гэх мэт 20 гаруй төрлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг экспортод зориулан гаргажээ.

Тэдний бүтээгдэхүүний гол найрлагад ордог жамц давсны тухайд товчхон танилцуулъя. Эртний нууруудын булан тохойд үүсэж тунасан хуримтлалыг чулуун давс буюу жамц давс гэдэг. Жамц давс нь девон галвын үед буюу одоогоос 400 сая жилийн өмнө манай гаригт үүссэнийг эрдэмтэд тогтоожээ. Тус давсны найрлагад хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод зэрэг эрдсүүд агуулагдсан байдаг. Иймээс жамц давстай бүтээгдэхүүн хэрэглэх нь цусны эргэлт сайжруулах, эрчим хүчээ нөхөх зэрэгт нэн сайн. Мөн хонины сүүлийг тэд гол түүхий эд болгон ашигладаг. Учир нь хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их байдгаас гадна тэжээллэг чанар өндөртэй, кальци уургийн агууламж ихтэй тул хүний бие организмд хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг аж. Д, Ц, А, К аминдэмүүд нь арьсыг зөөлрүүлж чийгшүүлэх, арьсанд гүн шингэж эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээлийн хүчлүүдээр хангаж гар нүүрний арьсны уян хатан чанарыг дээшлүүлж судас, ялангуяа хялгасан судасны ханыг бэхжүүлж цусанд холестрин хуримтлагдах, судас хатуурахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Харин сүү нь уураг, эрдэс, витамин, кальци, магни, иод, фосфор гэх мэт аминдэмүүдийг өөртөө агуулсан байдаг.

18-р зууны эцсээр Францын Марсельд болсон яармагт Монголын тал нутгийн хонины мах тавигдаж европийнхныг гайхшруулж байсан сурвалж бий. Тэр үед монгол хонины махтай дүйцэхүйц өрсөлдөгч гараагүй бөгөөд зоогийн газруудын хоолны цэсэн дэх монгол хонины махаар хийсэн зууш хамгийн амттайд тооцогддог байж.  Бас нэгэн жишээ дурдахад, ОХУ-ын нэрт удирдагч асан Л.И.Брежнев долоо хоног бүр монгол хонины мах хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Энэ нь түүнийг ухаан санаа саруул, эрүүл чийрэг амьдруулж урт удаан наслуулсан хэмээн Л.И.Брежневийн итгэмжлэгдсэн эмчээр ажиллаж байсан монгол эмч, анагаах ухааны доктор, профессор, ОХУ-ын гавьяат эмч Г.Лувсан гуай нэгэнтээ дурссан байдаг юм билээ. Хонь бусад малын иддэгээс илүү буюу 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Амт чанар сайтай учир хонины махыг хүнсний болон сувиллын газруудад гол бүтээгдэхүүн болгон ашигласаар ирсэн. Ийм ч учраас амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, хонины уураг сүүл хөхүүлэх монгол уламжлал эрт дээр үеэс бидний үе хүртэл уламжлагдан ирсэн байна. Хонины сүүл хөхөж өссөн хүүхэд өлчир чийрэг, өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Түүнд агуулагдах Д, С, А, К амин дэмүүд сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг юм. Харин АНУ, Европын орнуудад өөхний хэрэглээ байхгүй болсноос зөнөх, мартах өвчин элбэг тохиолдох болсон байна. Монгол Улс хүн амынхаа тооноос 20 дахин илүү малтай. Түүнээс 20 сая нь хонь. Тийм учраас хонины сүүлэнд агуулагддаг давуу шинж чанарыг нь тодорхойлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийн дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бидэнд байна. Энэхүү боломжийг “Гоо” брэндийг үүсгэгч М.Гонгорсүрэн олж харжээ.

Тэдний нэрийн брэнд бүтээгдэхүүний нэг “Хонько” савангийн гол түүхий эд нь хонины сүүл. Анх гарсан цагаасаа эхлэн Монголын хэрэглэгчдийг байлдан дагуулсан энэхүү саван өдгөө чацарганатай, гаатай, ногоон цайтай, нимбэгтэй нийт таван төрөлтэй болжээ. 110 грамаар савлагдаж байсан хонины дүрст уг саванг саяхнаас хүүхдийн арьс арьчилгааны цогц бүтээгдэхүүн болгож хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн кино, тоглодог тоглоомуудынх нь дүрс хэлбэрээр жижиглэн нэг удаагийн хэмжээтэй үйлдвэрлэж, багц болгон худалдаалж эхэлсэн нь хэрэглэгчдийн таашаалыг ихээхэн хүлээж байгаа юм.Гоо брэндийн үйлдвэр рүү ормогц цэцэг, жимс, байгалийн тосны үнэр сэнгэнэх нь нэн таатай. Элдэв том, автомат машин, химийн бодистой шилэн савнууд аль нь ч харагдсангүй. Харин гар аргаар хонины сүүл боловсруулж, халгай, ганга ургамлыг бэлдэж, чацарганын тосоо гарган авч буй хөдөлмөрч хамт олон угтав.  “Манай бүтээгдэхүүнийг нэг хэрэглэж үзсэн хүн заавал дахин авдаг” хэмээн тэд ам дүүрэн хэлэх нь хийж буй ажлаараа бахархдгийг илтгэх аж. “Гоо” брэндийнхэн  ширхэг сарнайн дэлбээг хүртэл өөрсдөө хатааж, жамц давсаа боловсруулж, чацарганын тосоо гарган авч, хонины сүүлээ боловсруулж, чанартай,  үр дүнтэй бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулан үйлдвэрлэж байна. Тавцангуудад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд өрөөстэй. Өнгө өнгийн чамин хийцтэй саван, бөмбөлгүүдийг хараад сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Бас тод өнгийн гоёмсог сав баглаа боодол бүхий олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нүд хужирлана. Үйлдвэрээс дэлгүүр рүү илгээгдэхэд бэлэн болоод байгаа нь энэ. Мөн "Гоо" брэнд хонины сүүлийг боловсруулж, наргил модны самартай хослуулан хуурайшилт, арьсны язралт, экзем эмчлэх биеийн тос, саван үйлдвэрлэдэг аж. Өөрсдийн гарган авсан чацарганы тосоор сүүн шингэн, шингэн саван хүртэл хийж байна.  



“Гоо” брэндийн бүтээгдэхүүн болгон дэлгэрэнгүй тайлбар шошготой. “Бүсгүй” нэртэй эмэгтэйчүүдийн шингэн савангийн шошгыг нааж байгааг анзаарвал, тайлбар дээр нь “Чацаргана нь умайн хүзүүний цервицит, кольпит, үтрээний үрэвсэл, салст бүрхэвчийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг биологийн үнэт ургамал юм. Энэхүү шингэн саван нь ямар ч химийн хорт бодисгүй, цэвэр чацарганын тосоор, гар аргаар хийгдсэн зуун хувийн органик эмчилгээний, гоо сайхны бүтээгдэхүүн” гэж бичжээ. Эмэгтэйчүүдийн эмзэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаах зорилгоор долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэвэл тохиромжтой гэж тайлбарласан байв. Мөн арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн олон нэр төрөлтэй аж. Үүн дотроос “Давирхай” арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүн анхаарал татав. Энэ бүтээгдэхүүн нь хуурай, холимог, эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд тохиромжтой аж. “Гоо” брэндийг үүсгэн байгуулагч залуу хатагтай М.Гонгорсүрэн энэхүү бүтээгдэхүүний тухайд “Юу ч хэрэглэсэн эмзэгшээд, хуурайшаад, харшлаад, үрчлээ үүсэх гээд байвал энэ бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд үзээрэй” хэмээн санал болгож байх юм. Тагийг нь онгойлгоод үзтэл зуныг санагдуулам, мод, давирхайн үнэр сэнгэнэх аж. Бас “Лаванда” цэцгийн хандтай биеийн тос, “Борголжин” тэжээлийн маск гээд арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд цөөнгүй байна. “Борголжин” тэжээлийн маскны тухай тайлбарлахдаа “Амттанаар арьсаа хооллож байгаагаас ялгаагүй. Халх голын зөгийн цэвэр балтай учир арьсыг чийгшүүлж, нөсөө толбыг бүдгэрүүлэн, тэжээл өгч, арьсны цангааг тайлах үйлчилгээтэй. Зөгийн бал нь С аминдэмээр баялаг тул давхар цайруулна. Бас какао орсон. Эртний Египетийн хатад гоо сайхандаа какаог ихээр ашигладаг байжээ. Хуурайшилт, нөсөө толбын эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнд тооцогддог байна. Шоколадыг монголоор “Боргол” гэдэг шүү дээ. Тиймээс ийнхүү “Борголжин” маск гэж нэрлэсэн” гэж тайлбарлалаа. Бас гангатай үсний цацлага, зөгийн балтай нүүрний скраб, чацарганатай сүүн шингэн, чацарганатай нүүрний утлага, чацарганатай шингэн саван гээд төрөл төрлөөрөө байна. Мөн үсний тоник, нүүрний тоник гэх мэт 30 гаруй төрлийн органик бүтээгдэхүүнийг гар аргаар үйдвэрлэж байгаатай танилцлаа.


Хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн бүтээгдэхүүний нэг бол ванны бөмбөлөг аж. Бөмбөлгүүд нь арьсыг булбарай зөөлөн болгон, гуужуулах бөгөөд целлюлит шатааж, ядаргаа тайлах үйлчилгээтэй гэнэ. Цэнхэр бөмбөлөг нь гаатай, ногоон нь модны хандтай, ягаан нь сарнайн хандтай, шар нь нимбэгтэй, улбар шар нь чацарганатай, саарал нь шавартай буюу харшлын эсрэг үйлчилгээтэй аж. Усанд ороод өөрөө задран гайхалтай сайхан үнэр гаргадаг гэлээ. Монгол орны байгалийн өвөрмөц тогтцод бий болсон хлор корбонат, гидрокорбонат, натри, хүхэрт устөрөгч гэх мэт 1000 гаруй төрлийн эрдэст шаврыг тусгай аргаар боловсруулж жамц давстай хослуулан харшлын эсрэг энэхүү ванны бөмбөлгүүдийг хийжээ. Үүнийг худалдан авснаар гэртээ эмчилгээний ванн бэлтгэж болох нь. Мөн энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Юу хэмээвээс, “Гоо” брэнд өөрсдийн бүтээгдэхүүнээр Монголын анхны органик СПА-г саяхан байгуулсан байна билээ. “Хатан” багц болон хүүхдийн багц, жирэмсний багц бүхий эмчилгээний 10-аад төрлийн үйлчилгээндээ зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн.

Оросын их зохиолч Феодор Микайлович Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж хэлэхдээ ямар гоо сайхны тухай ярьсан юм бол оо?
Эртний Грекийн гүн ухаантан Аристотель газар дэлхийн сайхан бол бурханы сайхны тусгал юм гэж үзэж байсан. Тэгэхээр гоо сайхан хэмээгч нь хүнийг гэрэл гэгээ рүү дагуулдаг эд байх нь. “Бурханлиг гоо сайхан” компаний “Гоо” брэнд биеийг тань ч тэжээнэ, сэтгэлийг тань ч сэргээнэ. Германы философич Шеллинг “Сайхан бол төгсгөлгүйг төгсгөлт зүйлээр илэрхийлснийг хэлнэ” гэсэн юм гэнэ билээ. Үүгээрээ төгсгөлгүй гэдэг нь мөнхийн зүйл буюу Бурханыг илэрхийлжээ. Энгийн үгээр хэлбэл жижигхэн сараана цэцгээс авахуулаад агуу зохицолт гариг ертөнц хүртэл өөртөө бурханы гармони, зохицлын сайхныг агуулж байдаг. Тэгэхээр “Аймаар гоё” буюу чөтгөрийн сайхан гэдэг ойлголт байж болохгүй юм. Гоё юм гоё л байх ёстойг “Гоо” брэнд бидэнд сануулж байна.
Аягатай уснаас хүн болгонд тарааж өгвөл хурдан дуусна. Харин гоо сайхан хэмээх дуусашгүй ус шиг зүйлийг өөр өөрийнхөө аягаар хутган авах нь таны тааллын хэрэг. Гоо сайхны ертөнцөд “Гоо” брэнд хэмээх монгол шошготой ийнхүү нэмэгдсэнийг бид энэ дугаараараа зарлахыг хүслээ. Гоо сайхан  ертөнцийг аварна.


 

Б.Занданхүү

Холбоотой мэдээ