“Эрдэнэт үйлдвэр” ХХК "MRI Trading AG” компанитай зөвшилцөлд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-14 08:50:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК Швейцар улсад бүртгэлтэй "MRI Trading AG" компанитай үүсгэсэн бараа материалын нийлүүлэлтийн маргааныг саяхан эцэслэн шийдвэрлэсэн байна.

Эрдэнэт үйлдвэр Английн Арбитрын шүүхэд хоёр маргаанд хариуцагчаар татагдаад байсны нэг нь ийнхүү шийдвэрлэгджээ. Олон жил дамжсан дээрх 2 маргааны нэг нь Швейцар улсад бүртгэлтэй “MRI Trading AG компанитай холбоотой асуудал юм. Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газар тус компанийн хуулийн зөвлөхүүдтэй харилцан зөвшилцөлд хүрсний үр дүнд уг компанид Эрдэнэт үйлдвэрийн төлөх дүнг 534 мянган ам.доллараар багасгажээ.

Энэ талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэлэхдээ, “MRI Trading AGкомпани концентраци нийлүүлэх гэрээг манай үйлдвэртэй хийсэн. Гэвч Эрдэнэт үйлдвэр гэрээг зөрчин, тухайн бүтээгдэхүүнийг авахаа зогсоосон. Уг компани тухайн үед олох байсан орлого, бодитоор гарсан зардлын хохирол хүлээсэн юм. Иймээс Английн Хатан хааны дэргэдэх шүүх 2016 онд Эрдэнэт үйлдвэрт 7,9 сая ам доллар төлөх үүрэг ноогдуулсан. Үүрэг хүлээсэн этгээд хугацаанд нь төлөөгүй нөхцөлд үнийн дүн нэмэгддэг. Ингээд Эрдэнэт үйлдвэр 8 сая 340 мянган ам.доллар төлж барагдуулах үүрэг хүлээж, Английн дээд Шүүхээс албадан гүйцэтгүүлэх захирамж хуудас бичигдэн, мөн тодорхой албан тушаалтныг Англид зорчиход барьж, саатуулах шийтгэл ноогдсон байсан. Бид "MRI Trading AG" компанийн Хуулийн компанитай гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр тухайн төлбөрийг 7 сая 750 мянган ам.доллар болгон шийдвэрлүүлсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн төлөх дүнгээс 534 мянган ам.доллараар багасгасан гэсэн үг. Эцсийн гэрээ хэлцэл хийсэн. Английн шүүхээр захирамж гаргуулахад бэлэн болоод байгаа” гэв.

Одоо Эрдэнэт үйлдвэрт Стандарт банктай холбоотой маргаан Английн дээд шүүх дээр байгаа юм. Энэ нь 51 сая ам.долларын өрийн дүнтэй, хүүгийн, зардлын гээд олон нэхэмжлэлтэй аж. Үүнийг 2017 онд багтаан Эрдэнэт үйлдвэрт ашигтайгаар шийдвэрлүүлэхээр Хууль, эрх зүйн газрынхан ажиллаж байна гэж тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ