Оросууд бараа бүтээгдэхүүнээ солилцох сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-21 13:23:33

“Азийн хаалга-2015” Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн  үзэсгэлэн, форумд ОХУ-аас  өмнөх жилүүдээс олон хот оролцож байна.

Эрхүү, Улаан-Үүдийн бизнес эрхлэгчдээр хязгаарлагддаг байсан бол энэ удаа 12 бүс нутгаас ирж хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“Орос-Монгол-бизнесийн шинэ хөгжил” сэдэвт форумаар Оросын талаас манай улсаас үхэр, адууны мах экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 Энэ тухай МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш ярихдаа “Якут, Буриадууд манай улсаас  мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байна. Манай улсын зүүн бүсэд шүлхий өвчин  гарсантай холбогдуулан хоёр хөрш баруун бүсээс мах экспортлохоо илэрхийлсэн. Гэхдээ махны экмпортын үнэ манай эндхийн үнэтэй адил байгаа учраас махны экспорт зогсонги байгаа” гэлээ. Дээрх форумаар манай талаас орос руу бүтээгдэхүүн гаргахад төмөр замын тариф өндөр байгааг онцлон бууруулах боломжийг судлахыг хүслээ. Мөн  монгол руу орж ирэх задгай хүнс болон жимс, ногоо оруулж ирэх талаар Оросын талтай ярилцаж буйг албаныхан дуулгасан юм. Гэхдээ үүнийг Зөвхөн Оросын тал шийдэхгүй бөгөөд таван улсын Гаалийн холбоотой тохиролцох хэрэгтэй аж. Түүнчлэн Оросын талаас хоер улсын эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бараа бүтээгдэхүүнээ солилцох замаар харилцан ашигтай ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Рублийн ханшийн зөрүү нь манай талд ашигтай байгаа ч оросуудад Монголоос бараа бүтээгдэхүүн татахад өртөг өндөр байгааг тодотгосон. Мөн үеэр Хөдөө аж ахуй, төмөр зам, тээврийн чиглэлээр оросууд сургалт зохион байгуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.

“Азийн хаалга-2015” үзэсгэлэнд Оросын 26 компани оролцож байна. Оросын компаниудын төлөөлөл ийнхүү ярьж байна.

Монголд битүүмжилж савласан рашаанаа борлуулна

Братскийн “Bзморье” рашаан сувиллын газрын гүйцэтгэх захирал Х.В Генадывич:

-Бид хоёр дахь жилдээ“Азийн хаалга-2015” үзэсгэлэнд оролцож байна. Манай рашаан сувиллын газар далайн эрэг дээр үзэсгэлэнт байгальтай газар оршдогоороо онцлогтой. Нэг ээлжинд 300 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай. Рашааны хувьд газрын гүнээс гардаг бөгөөд бүх төрлийн эрдэс бодис агуулдаг. Манай сувиллын газар эхлээд амрагчдын оношыг  тодруулаад тухайн хүнд тохирсон  эмчилгээг хийдэг. Эхо болон бусад дурангаар онош тодруулна. Рашаан, хануур хорхой, төөнүүр, зүү, шаврын эмчилгээгээр нойр булчирхай, бөөр, цөсний элсэнцэрийг гаргах, харшил, ходоод, бүдүүн, нарийн гэдэсний өвчнийг эмчилнэ. Эмчилгээний нэг хоногийн төлбөр 2400-4000 рубль юм. Үүн дээрээ замын зардал орно. Эмчилгээг 14-21 хоногт хийдэг. Түүнчлэн ирэх оны 3 дугаар сараас монголд битүүмжилж савласан рашаанаа борлуулахаар төлөвлөж байна.  

“ЯрВкус”-ын амт монголчуудад таалагдсан

Красноярскийн орон нутгийн  “ЯрВкус” үйлдвэрийн Борлуулалтын албаны дарга  Алексей Владимирович:

-Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах үүднээс анх удаа энэ үзэсгэлэн, форумд оролцож байна. Манай компани 1998 онд байгуулагдсан бөгөөд сард 2000 орчим нэр төрлийн  800 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. Бүтээгдэхүүний хувьд амт чанартайгаас гадна химийн гаралтай орц агуулаагүйгээрээ онцлогтой. Үзэсгэлэнд ирж буй монголчууд оросын хүнсний бүтээгдэхүүнд их дуртай гэдэг нь ажиглагдлаа. Цаашид манай компани олон улсад бүтээгдэхүүнээ таниулж экспортлохоор төлөвлөөд байна.

Б.Заяа

 Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ