Хар/Цагаан жагсаалтад санал авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-21 15:19:15

Монголын Залуучуудын холбоо 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийсэн 100 хар үйл явдлыг нэрлэн, “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж байна.

Энэхүү ажил өдгөө ид дундаа өрнөж иргэд болон албан байгууллагууд хар үйл явдлуудыг нэрлэж эхлээд байгаа аж. Тухайлбал, хар үйл явдалд 7 дугаар сарын нэгний үймээн, 27 чингэлэг самрын хэрэг, С.Зоригийн аллага, Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Хүүхдийн паркийн газрын асуудал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг нэрлэжээ. Иргэд, олон нийт "myf.mn" сайт болон МЗХ-ны байранд өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжтой. Тодруулбал, Хар/Цагаан жагсаалтын санал авах цэг өдөр бүр 13:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд хар/цагаан жагсаалт, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, 100 хар үйл явдалд санал өгөх, өөрийн сэтгэгдлийг сургалтын самбарт бичиж үлдээж болох гэнэ.

Уг хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш олон хувь хүн, албан байгууллагууд нэгдэхээ илэрхийлсээр байгаа юм. Одоогоор Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын урчуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Хамаг Монгол хөдөлгөөн, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэл, Монголын хэрэглэгчдийн  эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нийгмийн нөлөө бүхий томоохон байгууллагууд нэгдээд байна. 

Холбоотой мэдээ