Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-17 23:25:15

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Партизаны талбайд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан цэргийн хүрээнийхний хүндэтгэлийн парад боллоо.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар оролцож, их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдрийг” угтан аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан уралдаан тэмцээн Үндэсний шагайн харваа, “Мөрдөстэй бүсгүйчүүд”, Монгол Улсын буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Мэргэн буудлага”, Сагс, Волейбол, Ширээний теннис, “Би эр хүн” 20 км-ийн кросс гүйлт, “Тэргүүний дууч жагсаалч салаа”, “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” зэрэг нийт 9 төрлийн тэмцээнүүдээр 03-р сарын 06-наас 03-р сарын 16-ны өдрийг хүртэл явагдаж аваргуудаа тодруулсан шагналыг гардуулах ёслол давхар боллоо.

Энэхүү 9 төрөлт тэмцээний Үндэсний шагайн харваа, Гар бөмбөг, Сагс, “Би эр хүн” 20 км-ийн кросс гүйлт, “Тэргүүний дууч жагсаалч салаа”, “Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга тасаг” гэсэн 6 тэмцээний тэргүн байрыг хүртсэн хурандаа Х.Дамдинсүрэн захирагчтай ХЦ-ийн 0243-р анги тэргүүлж энэ жилийн цэргийн хүрээнийхнээ шилдэг нь боллоо. Шилдгүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа нар гардуулан өглөө. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ