Түлэгдсэн охинд туслах хандивын тоглолт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 7-нд хоёр настай бяцхан охин халуун тогоотой цайнд түлэгдсэн харамсалтай явдал болсон юм.
Одоогоор С.Өнө-Үжин охин 80 хувийн түлэгдэлттэй гэсэн оноштойгоор Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд аав ээж нь эрхэлсэн ажилгүй, залуу гэр бүл байна. Иймээс С.Өнө-Үжин охинд туслах хандивын тоглолт өчигдөр Улаангом хотноо боллоо.
Бяцхан охинд амьдрал хайрлаж, гэр бүлд нь гэрэл гэгээ бэлэглэх үүднээс “Сайн үйлсийн хөтөч” ТББ-аас энэхүү тоглолтыг санаачлан хийжээ. Жаахан биендээ баймгүй их тэвчээр гаргаж, өвчинтэйгээ тэмцэж буй хоёрхон настай охиныг Увсын ард түмэн хурдан эдгээсэй гэсэндээ хандивын тоглолтыг нь үзэж, басхүү хандивын дансаар нь дамжуулан сэтгэлийн өглөгөө өгсөөр байна. Тоглолын үеэр нэг сая төгрөг цугласнаас гадна ХААН банк дахь хандивын дансаар ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 5 сая 780 мянган төгрөг орж ирснийг С.Өнө-Үжин охины ар гэрийнхэнд хүлээлгэн өглөө. Сайхан сэтгэлтэй Увсчуудын сэтгэлийн өглөгөөр бяцхан охин эрүүл саруул болоосой хэмээн олон хүн залбирч байна.
Б.Батхүү