Хүүхдийг ивээх сангийн төсөл Баян-Өлгийн гурван суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-20 12:17:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Хүүхдийг ивээх сан” зудад өртсөн хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд  Баян-Өлгий аймагтай нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа.

Тус гэрээнд Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагын газар, Онцгой байдлын газар, Хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн газар хамтран гарын үсэг зүрлаа. Гэрээний гол зорилго нь зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах, аюулгүй, хүүхэд ээлтэй орчинд боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын чадавхийг хөгжүүлэхэд оршиж байгаа ажээ.

Тус төсөл нь 2017 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн ирэх оны 02-р сарын 28-ны өдөр хүртэл бүтэн жилийн турш үргэлжлэх юм. Тухайн төсөлд нийт 4 аймаг хамрагдсаны нэг нь манай аймаг гэдгээрээ онцлогтой юм.

Тодруулбал манай аймгийн Өлгий, Сагсай, Булган гэсэн 3 сум тус төсөлд хамрагджээ.

Б.Уянга

Холбоотой мэдээ